Газрын тосны ашиглалт, олборлолт

Монгол Улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 32 талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар 25 талбайд 21 гэрээлэгч БХГ байгуулан, Засгийн газраар батлуулан ажиллаж байна.

Газрын тосны гэрээлэлт хийсэн, олборлолт явуулж байгаа талбайн мэдээлэл

Эдгээрээс Тосон-Уул-XIX, Тамсаг-XXI талбайд “Петрочайна дачин тамсаг” ХХК, БХГ-97 талбайд “Доншен газрын тос Монгол” ХХК тус тус газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.

Газрын тосны олборлолт явуулж байгаа компани, талбайн мэдээлэл

“Петрочайна Дачин Тамсаг” ХХК: Хятадын Үндэсний газрын тосны корпорацийн харьяа төрийн өмчит “Дачин Ойл Фийлд Лимитед” компани нь 2005 оны 8 дугаар сард Тамсагийн сав газрын XIX, XXI, XXII гэрээт талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах БХГ-ний  эрх үүргийг АНУ-ын “СОКО Интернейшнл”  ХХК-иас шилжүүлэн авч, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийг Монгол Улсад байгуулан Дорнод аймгийн Халх гол, Матад сумдын нутагт орших Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайнуудад газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

“Доншен газрын тос Монгол” ХХК: БНХАУ-ын “Доншен Жингүн Петролеум Девелопмент Групп Сток” компани нь Монгол Улсын Засгийн газрын 1997.02.19-ний өдрийн 47 тоот тогтоолоор 2003 оны 2 дугаар сарын 15-нд батлагдсан БХГ- ний эрх, үүргийг Австралийн “Рок Ойл (Говь)” компаниас шилжүүлэн авч, БНХАУ- ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Доншен газрын тос Монгол” ХХК-ийг Монгол Улсад байгуулан, Дорноговь аймгийн нутагт орших 1997 оны БХГ-т талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж эхэлсэн.  

Газрын тосны хайгуул, нөөц

“Петрочайна дачин тамсаг” ХХК болон “Доншен газрын тос Монгол” ХХК нь (1993-2016 онд) хайгуул, үнэлгээ, туршилтын олборлолт, ашиглалтын нийт 1465 цооног (Тосон-Уул XIX талбайд 869 цооног, Тамсаг XXI талбайд 477 цооног, БХГ-97 талбайд 119) өрөмдөн, 12.78 мянган тууш км хоёр хэмжээст (Тосон-Уул XIX талбайд 4.37 мянган тууш км, Тамсаг XXI талбайд 3.27 мянган тууш км, БХГ-97 талбайд 5.14 мянган тууш км), 5.33 мянган км2 гурван хэмжээст (Тосон-Уул XIX талбайд 2.32 мянган км2, Тамсаг XXI талбайд 2.67 мянган км2, БХГ-97 талбайд 339.6 км2) чичирхийллийн судалгаа хийсэн. 

ЭБМЗ-өөр 2011 онд Тосон-Уул XIX талбайн газрын тосны нөөцийн тооцооны нэмэлт тайланг дахин хэлэлцүүлж, тус зөвлөлийн 2011 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 06 тоот дүгнэлтийг үндэслэн ЭБЭХ-ний сайдын 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 148 дугаар тушаалаар газрын тосны “баталгаат” нөөцийг 60.06 сая тн, үүнээс газрын тосны “ашиглалтын баталгаат” нөөцийг 6.50 сая тонноор нэмж, Монгол Улсын Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэснээр дээрх талбайн нийт газрын тосны “баталгаат” нөөц 179.08 сая тн, үүнээс газрын тосны “ашиглалтын баталгаат” нөөц 20.17 сая тонн гэж бүртгэгджээ.

Тамсаг XXI талбайн газрын тосны нөөцийн тооцооны тайланг ЭБМЗ-өөр хэлэлцүүлж, тус зөвлөлийн 2012 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 01/12 тоот дүгнэлтийг үндэслэн ЭБЭХ-ний сайдын 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр тушаалаар газрын тосны “баталгаат” нөөцийг 127.509 сая тн, үүнээс байгалийн горимоор ашиглах газрын тосны “ашиглалтын баталгаат” нөөцийг 14.01 сая тонн, ус шахалтын горимоор ашиглах газрын тосны “ашиглалтын баталгаат” нөөцийг 21.018 сая тонноор Монгол Улсын Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэсэн. 

БХГ-97 талбайн газрын тосны нөөцийг 26.05 сая тонн буюу 186.3 сая баррель; үүнээс “ашиглалтын баталгаат” нөөцийг 2.07 сая тонн буюу 14.86 сая баррелиар тус тус тогтоосон ба уг нөөцийн тооцооны тайланг ЭБЭХЯ-ны дэргэдэх ЭБМЗ-өөр хэлэлцүүлэн, тус зөвлөлийн 2010.04.18-ны өдрийн 03 тоот дүгнэлтийг үндэслэн ЭБЭХ-ний сайдын “Нөөц бүртгэх тухай” 2011.06.08-ны өдрийн 137 дугаар тушаалаар Монгол Улсын Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэсэн байна.

Газрын тосны олборлолт

Монгол Улсын хэмжээнд 1996-2016 оны хооронд нийт 43.8 сая баррель (5.9 сая тонн) газрын тос олборлож, 41.6 сая баррель (5.6 сая тонн) газрын тосыг БНХАУ-д экспортолж, газрын тосны орлогоос нийт 1.1 их наяд төгрөгийг Монгол Улсын төсөвт төвлөрүүлжээ. 

Газрын тосны олборлолт, экспорт, улсын төсөвт төвлөрүүлсэн орлого

Тосон-Уул XIX талбайн 456 цооногт олборлолтын тоног төхөөрөмж суурилуулснаас хоногт дунджаар 381 цооногоор 10192 баррель (1350 тонн) газрын тос олборлож, 10034 баррель ( 1333 тонн) түүхий тосыг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт, Дорнод аймгийн Халхгол сумын Баянхошууны боомтоор БНХАУ-д экспортолж байна. 

Тамсаг-XXI талбайд 229 цооногт олборлолтын тоног төхөөрөмж суурилуулснаас хоногт дунджаар 218 цооногоор 12054 баррель (1600 тонн) газрын тос олборлож, 13636 баррель (1885 тонн) түүхий тосыг Дорнод аймгийн Халхгол сумын Баянхошууны боомтоор БНХАУ-д экспортолж байна.

БХГ-97 талбайн 106 цооногт олборлолтын тоног төхөөрөмж суурилуулсан ба үүнээс 103 цооногоос хоногт дунджаар 948 баррель (133 тонн) газрын тос олборлож, 7 хоногт 1 удаа 21 вагон цистернээр ойролцоогоор 8535 баррель буюу 1170 тонн түүхий тосыг Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор БНХАУ-д экспортолж байна. 

2016 онд 8.25 сая баррель (1.12 сая тонн) газрын тос олборлож, 8.06 сая баррель (1.09 сая тонн) газрын тос экспортолж, Улсын төсөвт 134.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

2016 онд олборлосон болон экспортолсон газрын тосны хэмжээ

Улс, орон нутагт төлсөн татвар, төлбөр, шимтгэл, хураамж

Газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна дачин тамсаг” ХХК болон “Доншен газрын тос Монгол” ХХК-иуд нь 1993-2015 оны хооронд нийт 3.41 сая ам.долларын татвар төлж, 54.31 сая ам.долларын нөөц ашигласны төлбөр хийсэн байна.

Газрын тосны улс, орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, шимтгэл, хураамж

Газрын тосны салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт

Газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна дачин тамсаг” ХХК болон “Доншен газрын тос Монгол” ХХК-иуд нь 1993-2015 оны хооронд нийт 2.83 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд 2016 онд 441.9 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна.

Газрын тосны салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт