АНХДАГЧ “ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР”-ӨӨР ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Төрийн албаны өдрийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлж буй түүхэн энэ өдөр Монгол Улсын хэмжээнд хууль ёсоор шинээр томилогдсон төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр /2024.07.03/ боллоо.
Ёслолын ажиллагааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Батбаяр нээж хэлсэн үгэндээ, “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж байгаа та бүхэнд халуун баяр хүргэж, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, төрийн албаны эрхэм хүндтэй үүргийг нэр төртэй биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн албанд өндөр бүтээмжтэй ажиллан амжилт гаргахыг хүсэн ерөөе” гэв.
Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх журам”-ын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Баасандалайн Эрдэнэцэцэг, Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны хайгуулын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ренчинбямбын Болд-Эрдэнэ, Орон нутаг дахь төлөөлөл хариуцсан газрын мэргэжилтэн Дашдоржийн Баасан, Үндэсний геологийн албаны Эрдэс баялгийн судалгаа төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн мэргэжилтэн Алтансүхийн Амаржаргал, мэргэжилтэн Махбадарын Байгалмаа, мэргэжилтэн Энхбаярын Жавзанпагма нар тангараг өргөлөө.