Геологи хайгуулын мэдээлэл
А.Улсын төсвийн хөрөнгөөр хийж буй геологийн судалгаа
Геологийн судалгааны түвшин
.jpg)
Монгол Улсад бүс нутгийн эрдэс түүхий эдийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, эрдэс баялгийн нөөцийн хэтийн төлөвийг үнэлэх, хүрээлэн буй орчин, байгаль хамгаалал болон газрын хэвлийн ашиглалт, олборлолттой холбоотой шийдвэр гаргахад суурь мэдээлэл болгон ашиглах зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгааны ажлыг хийж байна.
Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслүүд
1:200 000-ны масштабын Улсын геологийн иж бүрдэл зураг зохиох
УГЗ-200 геологийн иж бүрдэл зураг зохиох 4 төслийн ажил үргэлжлэн хэрэгжиж, 2015 онд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 287,924.35 кв.км нутагт УГЗ-200 геологийн иж бүрдэл зураг зохиож, нутгийн 18%-ийг хамарсан бол 2016-2017 онд 100% тоон мэдээлэл бүхий геологийн зураглалын ажлаар бүрэн бүрхэгдэнэ. “УГЗ-200” иж бүрдэл зургуудыг зохиох, хэвлэлтэд бэлтгэх зааварт тусгагдсаны дагуу үндсэн хавтгай тус бүрээр Геологийн, Ашигт малтмалын, Экологи-геологийн, Дөрөвдөгчийн хурдасны, Баримт материалын гэсэн 5 зургийг 1:200 000-ны масштабаар, дагалдах тойм зургуудын хамтаар иж бүрдлээр нь зохиох ба мэдээллийн санг бүрдүүлнэ.
УГЗ-200 төслийн хэрэгжилт
УГЗ-200 зураг, судалгаагаар бүрхэгдсэн (хамрагдсан) байдал
1:50 000-ны масштабын Геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил /ГЗЕЭА/
2016 онд 1:50000-ны масштабын ГЗЕЭА-ын 29 төсөл хэрэгжиж байгаагаас 1 төсөл нь олон улстай хамтарсан байдлаар хэрэгжиж байгаа бол бусад 28 төслийг дотоодын аж ахуй нэгжүүд хэрэгжүүлж байна. Монгол Улсын хэмжээнд 2016 оны байдлаар нийт газар нутгийн 33.7%-д 1:50 000 масштабтай ГЗЕЭ-ийн ажил хийгдсэн.
Геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын судалгааны зураг
Сэдэвчилсэн судалгаа
Монгол Улсын хэмжээнд сэдэвчилсэн судалгааны Геомэдээллийн сан, Сансрын зургийн тайлалт, Баруун Монголын цул сульфидын хүдэржилт, түүний хэтийн төлөвийн судалгаа, Монгол орны металлогени, ашигт малтмалын ордын төрлүүдийн тархалт, байршлын зүй тогтлын судалгаа, Геофизикийн Алтай-1, Алтай-2 агаарын геофизикийн судалгаа төслүүд хэрэгжиж байна.
Алтай-1, Алтай-2 төсөл
Хамтарсан төсөл
Гадаад хамтын ажиллагааны хүрээнд БНЧУ-тай хамтарсан 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн “Монгол Алтай-50”, Монгол-Польшийн хамтарсан “Хасагт-50” эрлийн ажлыг гүйцэтгэх төслийн ажлууд дуусч, эцсийн үр дүнгийн тайланг Монголын тал хүлээн авав.
БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн (КИГАМ)-тэй хамтран Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн Цогтцэций-50 төсөл хэрэгжүүлж байна. 2016 онд төслийн 2 дахь жилийн хээрийн ажлыг гүйцэтгэв.
Монгол улс, ОХУ, БНХАУ, БНСУ-ын “Хойт-Төв-Зүүн Азийн хамтарсан төслийн III үе шатны ажил үргэлжлэн хэрэгжиж байна.
Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй геологийн судалгааны ажлын санхүүжилт
2016 онд эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан геологийн судалгааны ажил харьцангуй оройтсон боловч 2016 оны байдлаар нийт төслийн ажлын санхүүжилт 9.1 тэрбум буюу 98%-тай байна.
Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын санхүүжилт
Ашигт малтмалын тухай хуулийн 48.1-д заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс жил бүр ирүүлдэг хайгуулын ажлын төлөвлөгөө болон жилийн тайланг хүлээн авч хянадаг. Тус хуулийн 33.1, 33.2-т заасны дагуу хайгуулын ажлын зардлын доод хэмжээг хянаж, санхүүгийн жилийн тайлан тэнцэлд тулгуурлан баталгаажуулдаг юм. Дараах хүснэгтэд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо, АМГТГ-т ирүүлсэн хайгуулын ажлын төлөвлөгөөг үзүүлэв. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс 2016 онд тус газарт нийт 1669 хайгуулын ажлын төлөвлөгөө ирүүлсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 48.3-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөөц бүхий үр дүнгийн тайланг боловсруулж ирүүлдэг. ЭБМЗ-ийн хурлаар хэлэлцүүлэхээр 2016 онд 105 орчим нөөц бүхий үр дүнгийн тайлан ирүүлснээс 94 ордын нөөцийг бүртгэх шийдвэр гаргасан байна. 2016 онд шинээр алтны үндсэн ордын 6, шороон ордын 33, төмрийн 4, зэсийн 2, холимог металлын 2, ховор металлын 2, нүүрсний 8, хайлуур жоншны 4, ураны 1, бал чулууны 2, шохойн чулууны 3 ордоос гадна барилгын чулуу, элс, хайрга, шаврын ордын нөөц бүртгэгджээ.
Улсын нөөцийн бүртгэлд шинээр бүртгүүлсэн ордууд /2009-2016.10/
Шинээр бүртгэгдсэн алтны үндсэн ордын нөөц, тн
Шинээр бүртгэгдсэн алтны шороон ордын нөөц, тн
Шинээр бүртгэгдсэн зэсийн нөөц, мян.тн
Шинээр бүртгэгдсэн төмрийн хүдрийн нөөц, сая.тн
Шинээр бүртгэгдсэн нүүрсний нөөц, тэрбум.тн
Шинээр бүртгэгдсэн хайлуур жоншны хүдрийн нөөц, сая.тн
Монгол орны нутаг дэвсгэрт судлаачид мезозойн тунамал хурдаст 13 томоохон сав газар, 59 дэд хотгорыг ялгасан. Эдгээр сав газар нь 17 аймгийн нутаг дэвсгэрт 523 мянган км2 талбайг хамардаг. 1990 онд Америкийн EAIT (Exploration Associates International of Texas, Inc) нь Монгол орны мезозойн тунамал хурдаст Тамсаг, Чойбалсан, Дорноговь, Нялга, Өмнөговь, Дундговь, Гашуун, Говь-Алтай, Алтайн өмнөд ба цаадах, Их нуурууд, Нууруудын хотгоруудын газрын тосны геологийн нөөцийг 10 хувийн магадлалаар 2607 сая баррель, 50 хувийн магадлалаар 1031 сая баррель, 95 хувийн магадлалаар 344 сая баррель гэж үнэлсэн байдаг.
Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 1993-2016 онд газрын тосны хайгуулын талбайнуудад 272890 км2 талбайд 1:200000 масштабын хүндийн хүчний судалгаа; 77630 км2 талбайд соронзон хайгуул; 210 физик цэгт пассив сейсм; 33494 тууш км 2 хэмжээст чичирхийллийн судалгаа; 6274 км2 талбайд 3 хэмжээст чичирхийллийн судалгаа; 21990 км агаарын 5 сувагт градиометрийн судалгаа тус тус хийж, хайгуул, үнэлгээ, олборлолтын 1537 цооног өрөмдсөн. Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд нийт 3.45 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. 2016 оны байдлаар, хайгуулын Галба XI талбайд 14 цооног өрөмдсөнөөс 11 цооногт тос илэрч, 3 цооногт тосны урсгал тогтоогдсон. Уг талбайд газрын тосны хэтийн төлөв бүхий 3 бүтэц тогтоож, туршилтаар 1517 м3 тос олборлосон. 2015 онд урьдчилсан байдлаар 3.6 км2 талбайд газрын тосны 300*104 тонн нөөц тооцоолж, үнэлгээ хийсэн. Хайгуулын Хөхнуур XVIII талбайд 3 цооногт туршилт хийж 35,2 м3 тос олборлосон байна.
.jpg)
Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн ажлууд
Газрын тосны тухай хуулийн 16 дугаар зүйлд заасныг үндэслэн, хувийн хөрөнгөөр эрлийн ажил хийх хүсэлт гаргасан компаниудтай хамтран газрын тос, уламжлалт бус газрын тосны хуримтлал тогтоох, хэтийн төлөв бүхий хайгуулын талбай ялгах зорилгоор нүүрсний давхаргын метан хийн 9, шатдаг занарын 1, газрын тосны 10, нийт 20 эрлийн гэрээ шинээр байгуулснаас 2 гэрээ цуцлагдсан. 2016 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар газрын тосны 10, нүүрсний давхаргын метан хийн 5, шатдаг занарын 3, нийт 18 эрлийн гэрээ хэрэгжиж байна.