“Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуульд “Байгууллага нь гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахын өмнө хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам/, түүний эрх олгосон байгууллагын /Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар/ зөвшөөрлийг урьдчилан авсан байна.” Гэж заасан байдаг.

Зөвшөөрөл авахад шаардагдах холбогдох баримт бичгийн бүрдэлд хөдөлмөр эрхлүүлэх салбарын яам, агентлагийн тодорхойлолтыг хавсаргахаар хуульчилсны дагуу Ашигт малтмал, газрын тосны газар нь хуулийн этгээдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу тодорхойлолт гаргаж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хүргүүлдэг.

Тус газар нь холбогдох баримт бичгийг хүлээн авч, хянан шалгасны үндсэн дээр Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх бөгөөд тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 10-аас дээшгүй хувь нь гадаадын иргэн байж болно.” Гэснийг анхаарч ажиллахыг сануулдаг болно.

Хуулийн этгээдээс хүсэлт ирүүлэхдээ хавсаргах “Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах этгээдээс гаргах мэдээлэл”-ийн маягтыг хавсаргав.