Өмнөговь аймагт "Газрын тосны салбарын өнөөгийн байдал" сэдэвт орон нутгийн уулзалтыг 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа

Ашигт малтмал, газрын тосны газар, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Газрын тосны салбарын өнөөгийн байдал” сэдэвт орон нутгийн уулзалтыг 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Тус уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, сумдын Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгчид, мөн тус аймагт газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж буй “Метан Газ Ресурс” ХХК, “Тэлмэн Ресурс” ХХК, “Жи Өү Эйч” ХХК, “Петроматад Энержи Лимитед” компанийн төлөөлөл, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн Газрын тосны инженерчлэлийн ангийн оюутнууд оролцов.

Уулзалтаар газрын тосны салбарын өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн орчны шинэчлэл, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, Өмнөговь аймагт хэрэгжиж буй газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал солилцов.

Мөн Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувийг үйл ажиллагаа явуулж буй аймаг, сумдад хуваарилан, орон нутгийн өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хайгуулын талбай хамаарч буй сумдын иргэдийн төлөөллөөс газрын тос, уламжлалт бус хайгуулын үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд үе шаттайгаар тогтмол хүргэж, орон нутгийн иргэдийг бодит мэдээллээр хангах ажлыг жил бүр зохион байгуулах саналыг дэвшүүлэв. Түүнчлэн “Өмнөговь корпорац”-аас Газрын тосны тухай хуулийн хүрээнд гэрээлэгчдээс орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрүүлсэн “Орон нутгийг хөгжүүлэх урамшуулал”-ын төлбөрийн зарцуулалтын тайланг танилцууллаа.

Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх төрөөс хэрэгжүүлж буй урт болон дунд хугацааны бодлогын хүрээнд газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлэв.






Эх сурвалж

Газрын тосны хайгуулын хэлтэс

Геофизикийн судалгаа хариуцсан мэргэжилтэн С.Пүрэвсүрэн

Утас:51-263682

Мэдээлэл
Уншихад: ~2 мин
Үгийн тоо: 254 үг (2033 тэмдэгт)
Уншсан: 15
Төрөл: article
Нийтэлсэн: 2026-05-18 11:56:26
Хуваалцах