Төрийн албан хаагчийн ёс зүйн бодлого, үйл ажиллагааны талаар сургалт зохион байгууллаа
2026-09-09 15:16:25
Ашигт малтмал, газрын тосны газраас нийт албан хаагчдынхаа мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, ёс зүйн хариуцлагыг чангаруулах зорилгоор “Төрийн албан хаагчийн ёс зүйн бодлого, үйл ажиллагаа” сэдэвт сургалтыг 2026 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн Онцгой байдлын газрын хурлын зааланд зохион байгууллаа.
Сургалтад Ёс зүйн хорооны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү зочин багшаар оролцож, төрийн албан хаагчийн ёс зүйн талаарх хууль тогтоомж, бодлого, хэрэгжилт болон өдөр тутмын үйл ажиллагаанд баримтлах хэм хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Тэрээр төрийн албанд шударга, хариуцлагатай, иргэн төвтэй хандлагыг төлөвшүүлэх, ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд албан хаагч бүрийн оролцоо, хариуцлага нэн чухал болохыг онцлон зөвлөлөө.
Сургалтын үеэр АМГТГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Түвшинжаргал цаашид анхаарч ажиллах асуудлаар нийт албан хаагчдад чиглэл өгч, албан хаагчдын сонирхсон асуултад хариулан, санал мэдээлэл солилцлоо.
Тус сургалтад нийт 100 гаруй албан хаагч хамрагдаж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх болон ёс зүйн хэм хэмжээг өдөр тутмын ажилдаа хэвшүүлэх чиглэлээр идэвхтэй санал бодол, туршлага хуваалцсан нь төрийн албаны үнэт зүйлийг бэхжүүлэх, иргэдийн итгэлийг хүлээсэн хариуцлагатай, мэргэшсэн төрийн албыг төлөвшүүлэхэд өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Эх сурвалж
Төрийн захиргааны удирдлагын газар
Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах ажилтан Ө.Лхамноржин
Утас:51-263922