“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
2026-10-05 11:14:55
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн энэ жил “Тэрбум мод таны тарьсан нэг модноос эхэлнэ” уриан дор хэрэгжиж байна. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, цөлжилт, газрын доройтлыг нөхөн сэргээх зорилготой тус хөдөлгөөнд Ашигт малтмал, газрын тосны газар нэгдлээ.
Намрын “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 03-ны өдөр АМГТГ-ын 22 албан хаагч уламжлал болгон “Шинэ-Налайх” цэцэрлэгт хүрээлэнд хоёр дахь жилдээ мод тарьж, 1000 ширхэг хайлаас, 60 ширхэг улаан яргай мод суулгалаа.
Мөн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хаврын мод тарилтаар тус цэцэрлэгт хүрээлэнд 50 ширхэг миндаль тарьсан бөгөөд ийнхүү мод тарьж, арчлан хамгаалах нь орчны агаарыг цэвэршүүлэх, цөлжилттэй тэмцэх, ирээдүй хойч үедээ ногоон орчин үлдээхэд чухал ач холбогдолтой юм.
Ташрамд дурдахад, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь 2030 он гэхэд 1 тэрбумаас доошгүй мод тарьж ургуулан, улсын хэмжээнд ойн санг 9.0 хувьд хүргэж, экологийн тэнцвэрт байдлыг хангах алсын хараатайгаар хэрэгжиж байна.
Эх сурвалж
Захиргаа, санхүүгийн хэлтэс
Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Ө.Лхамноржин
Утас: 51-263922