Монгол Улсын Засгийн газраас баримталж буй "Цахимаар нэн тэргүүнд" чиглэл болон төрийн бүтээмжийг дээшлүүлэх, дижитал шилжилтийг эрчимжүүлэх бодлогын шийдвэрүүдийн хүрээнд төрийн байгууллагуудын үйл ажиллагааг цахимжуулах, хиймэл оюун ухаанд суурилсан шийдлийг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа билээ.
Энэхүү бодлогын хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээний чирэгдлийг бууруулж, ажлын процессын дахин инженерчлэлийг бодитоор хийх зорилгоор Ашигт малтмал, газрын тосны газраас албан хаагчдадаа зориулан "Office AI" практик сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Монгол Улсын Их Сургууль болон "Тинк Про" ХХК-ийн хамтран боловсруулсан хиймэл оюуны бодлогын чиглэл, стратегид суурилсан уг сургалтаар албан хаагчдыг хиймэл оюун ухааныг зөвхөн "сониуч хэрэглэгч"-ийн түвшнээс ахиулан, өдөр тутмын ажлын гол "хэрэгсэл, хамтрагч" болгон ашиглах практик ур чадварт суралцуулсан юм.
Сургалтын хүрээнд албан хаагчид:
- Их хэмжээний өгөгдөл, тайлан мэдээллийг богино хугацаанд нэгтгэн дүгнэх,
- Төрийн үйл ажиллагаан дахь дахин давтагддаг гар ажиллагааг автоматжуулах,
- Мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, хиймэл оюуныг төрийн бодлого, шийдвэр гаргалтад оновчтой, аюулгүй нэвтрүүлэх арга барилуудыг эзэмшүүлэв.
Засгийн газрын дижитал шилжилтийн бодлогын дагуу хиймэл оюун ухааныг үйл ажиллагаандаа системтэйгээр нэвтрүүлснээр төрийн байгууллагын зардлыг хэмнэх, шийдвэр гаргалтыг хурдасгах болон иргэд, олон нийтэд хүргэх үйлчилгээний чанар, бүтээмжийг шинэ түвшинд гаргах чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж
Захиргаа, санхүүгийн хэлтэс
Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан
Ө.Лхамноржин
Утас: 51-263922