“Mongolian Mining Week & MINEPRO 2026” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө
2026-09-21 10:26:43
Эрдэс баялгийн салбарын бодлого, хөрөнгө оруулалт, шинэ техник, технологи, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэгтгэсэн “Mongolian Mining Week & MINEPRO 2026” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн гурван өдрийн турш амжилттай үргэлжиллээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран 5 дахь жилдээ зохион байгуулсан тус чуулган “Тогтвортой хөгжлийн төлөө: Ногоон ирээдүй, глобал түншлэл” уриан дор явагдаж, олон улсын 20 орчим улсын 300 гаруй төлөөлөгч, дотоодын төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын 20,000 орчим зочид, мэргэжилтнүүд оролцов.
Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар оролцож үг хэлснээр арга хэмжээ албан ёсоор эхэлсэн юм. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нээлтийн үеэр салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон цаашид хэрэгжүүлэх бодлогын чиглэлүүдийг танилцууллаа. Тэрээр Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт УИХ-аар батлагдах шатанд хүрснээр хайгуулын салбарын хөрөнгө оруулалтын орчин сайжирч, чухал ашигт малтмалыг дотооддоо боловсруулан нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийг дэмжихээ онцоллоо. Мөн зэсийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор АМНАТ-ийг бууруулах, Газрын тосны тухай хуулийн төслийг УИХ-д нэн яаралтай өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг мэдээлсэн юм.
Ерөнхий сайд Н.Учрал чуулганы үеэр үзэсгэлэнд оролцож буй аж ахуйн нэгж, уул уурхайн компанияудын төлөөлөлтэй уулзаж, тэдний үйл ажиллагаа, техник, технологийн шинэ шийдэл, дижитал шилжилт болон үйлдвэрлэлийн хүчин чадалтай биечлэн танилцав.
Арга хэмжээний хүрээнд АМГТГ-ын дарга П.Баянбаатар, БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпораци (КОМИР)-ийн захирал Хван Ён Шиг нар хамтын ажиллагааны Санамж бичигт (MoU) гарын үсэг зурлаа. Тус санамж бичгээр ховор металл, чухал ашигт малтмалын судалгаа болон “Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төв байгуулах ODA төсөл”-ийг эрчимжүүлэн хэрэгжүүлэхээр тохиров. АМГТГ-ын дарга П.Баянбаатар “Энэхүү санамж бичиг нь хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах шинэ боломжийн эхлэл бөгөөд геологийн мэдээлэл, хайгуул судалгаа, хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр түншлэл өргөжинө” хэмээн онцолсон юм.
Мөн “Minegolia Investment Hall” танхимд зохион байгуулагдсан салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн тусгай хэлэлцүүлгийг АМГТГ-ын Уул уурхайн хэлтсийн дарга С.Ган-Очир нээж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин болон салбарын боломжуудыг танилцууллаа. Хэлэлцүүлгийн үеэр ЕСБХБ, Азийн Хөгжлийн Банк (ADB), DMT групп болон Oxus Metals AI зэрэг олон улсын байгууллагууд JUMP хөтөлбөр, хиймэл оюун ухаанд суурилсан геологийн хайгуул болон Европын зах зээлтэй холбох санхүүжилтийн шинэлэг шийдлүүдээ танилцуулсан юм. Түүнчлэн дотоодын аж ахуйн нэгжүүд "Бор Хаг" (зэс), "Тэмээт" (зэс), "Хөх Чулуут Уул" (алт, зэс, мөнгө), "Мухар" (никель, кобальт, хром, зэс), "Цооногтын Шил" (алт, холимог металл) зэрэг ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын бэлэн төслүүдээ олон улсын хөрөнгө оруулагчдад сурталчлан, туршлага солилцож, шууд түншлэл тогтоох бодит боломжийг бүрдүүлсэн онцлох хэлэлцүүлэг боллоо.
Энэ удаагийн “Mongolian Mining Week & MINEPRO 2026” арга хэмжээ нь төрийн бодлого, эрх зүйн шинэчлэл, аж ахуйн нэгжүүдийн технологийн хөгжлийг уялдуулж, салбарт шинэ хөрөнгө оруулалт, олон улсын түншлэлийг гүнзгийрүүлсэн чухал алхам болж өндөрлөлөө.
Эх сурвалж
Төрийн захиргааны удирдлагын газар
Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах ажилтан Ө.Лхамноржин
Утас: 51-263922