МОНГОЛ, БНСУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГААР ШАТДАГ ХИЙН САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА
2026-09-03 15:49:17
МОНГОЛ, БНСУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГААР ШАТДАГ ХИЙН САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ), БНСУ-ын КОЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпорац (KGS) хамтран “Монгол Улсын шатдаг хийн салбарын орчны судалгаа, зөвлөх үйлчилгээний тайлангийн хурал”-ыг 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү хурлаар Монгол Улсын хийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага болон хууль эрх зүй, институцийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр БНСУ-ын талын гүйцэтгэсэн судалгааны үр дүн, зөвлөмжийг танилцуулж, талууд санал бодлоо солилцов.
Хурлын өмнөх өдөр /2026.09.01/ БНСУ-ын КОЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан, орлогч дарга Со Хён Жэ, БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпорац (KGS)-ийн Ерөнхийлөгч Пак Кён Гүк тэргүүтэй төлөөлөгчид АМГТГ-ын дарга П.Баянбаатартай албан уулзалт хийж, хамтран хэрэгжүүлсэн ажлын үр дүн болон цаашдын зорилт, төлөвлөгөөний талаар ярилцсан юм.
Тайлангийн хурлыг нээж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвхэлсэн үгэндээ, “Энэхүү төсөл нь хийн салбарын хууль эрх зүйн орчин, аюулгүй байдлын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн төдийгүй эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, төвлөрсөн дулаан хангамжид холбогдох боломжгүй барилга байгууламжийг хийн эх үүсвэрээр шийдвэрлэх замаар агаарын бохирдлыг бууруулах, улмаар Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад бодит хувь нэмэр оруулна” хэмээн онцоллоо.
Нээлтийн үеэр АМГТГ-ын Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Ч.Чулуунбат хоёр улсын техникийн хамтын ажиллагаа жил бүр өргөжиж байгааг тэмдэглээд, БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпорацтай хамтран 2025–2027 онд хэрэгжүүлэх “Монгол Улсын шатдаг хийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд хийн салбарын аюулгүй байдлыг хангах, мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах, олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Арга хэмжээнд холбогдох төрийн байгууллагууд болон "Монголын хийн түлшний холбоо" ТББ-ын төлөөлөл бүхий 60 гаруй мэргэжилтнүүд оролцож, төслийн хүрээнд боловсруулсан судалгаа, зөвлөмжийг Монгол Улсын хийн салбарын бодлого, аюулгүй байдлын тогтолцоотой уялдуулан үе шаттайгаар ажил хэрэг болгохоор тохиролцлоо.