Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдад ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабын хурлаар АИ-92 шатахууны нийлүүлэлтийн одоогийн нөхцөл байдал, ШТС-уудын үйлчилгээ болон нийслэл хотын замын хөдөлгөөний зохион байгуулалттай холбоотой шийдвэрүүдийг гаргалаа.

Хурлын эхэнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд, Шатахууны шуурхай штабын дарга Б.Мөнхтамир Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр үүрэг өгөв. Тэрээр зарим шатахуун түгээх станц "Удирдлагаас чиглэл ирээгүй" гэх шалтгаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдыг хүлээлгэж буй зөрчлийг зогсоохыг санууллаа. Мөн тус иргэдэд дараалал харгалзахгүй үйлчлэхийг нийт ШТС-уудын удирдлага, ажилтнуудад анхааруулсан юм.

Мөн уулзалтаар АИ-92 шатахууны нийлүүлэлтийн явц болон ирэх арваннэгдүгээр сарын төлөв байдлын талаарх мэдээллийг танилцууллаа. Аравдугаар сард нийт 57 мянган тонн АИ-92 шатахуун захиалснаас одоогийн байдлаар 36 мянган тонн нь орж ирээд байгаа бөгөөд 6 мянган тонн нь тээвэрлэлтийн шатанд явж байна. Үлдсэн 16 мянган тонн шатахуун хараахан нийлүүлэгдэж амжаагүй байгаа ч ирэх арваннэгдүгээр сард шатахууны захиалгын хэмжээ нэмэгдэж, үнэ бага зэрэг буурах төлөвтэй байгааг Шатахууны шуурхай штабын дарга Б.Мөнхтамир мэдээлэв.

Түүнчлэн өглөөний оргил ачааллын үеэр шатахуун түгээлтийг тасалдуулахгүй байх, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор зохион байгуулалтын зохицуулалт хийхээр болов. ШТС-уудын ээлж солих үеэр автомашины дараалал нэмэгдэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын төв зам дагуух 13 ШТС-ын ээлж солих цагийг өглөөний 11:00 цаг болгон өөрчлөх үүрэг өглөө.

Иргэдийг шатахуун олгож буй станцуудын байршил, үлдэгдлийн мэдээллээр шуурхай хангахад анхаарах шаардлагатайг дэд сайд Б.Мөнхтамир онцоллоо. Зарим аж ахуйн нэгж Benzin.mn платформд мэдээллээ тогтмол шинэчлэхгүй байгааг тэмдэглэж, шатахуун олгож буй ШТС-ууд мэдээллээ тухай бүр үнэн зөв оруулж ажиллахыг даалгалаа. Цаашид Шатахууны шуурхай штабаас нийлүүлэлт, түгээлтийн зохион байгуулалтад хяналт тавьж, ШТС-уудын ачаалал болон дарааллыг бууруулах чиглэлээр ажиллах юм.


Эх сурвалж
Захиргаа, санхүүгийн хэлтэс
Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Ө.Лхамноржин
Утас: 51-263922

Мэдээлэл
Уншихад: ~2 мин
Үгийн тоо: 262 үг (2137 тэмдэгт)
Уншсан: 27
Төрөл: Мэдээ мэдээлэл
Нийтэлсэн: 2026-10-27 15:36:18 - Лхамноржин Өлзийтогтох
Шинэчилсэн: 2026-10-27 15:37:23 - Лхамноржин Өлзийтогтох
Хуваалцах