Дэлхийн хүүхдийн өдөр: Хүүхэд бүрийн дуу хоолойг сонсож, эрхийг нь хүндэтгэе!

Жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны өдрийг дэлхий нийтээрээ “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг тохиолдуулан манай улс Хүүхдийн төлөө “За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, хүүхдийн эрхийг хамгаалах бодит ажлуудыг хэрэгжүүлж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн хорооноос 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хүүхдийн эрхийн тухай конвенцыг баталсан бөгөөд Монгол Улс 1990 онд уг конвенцод нэгдэн орсон юм. Энэхүү конвенц нь дэлхийн олон улс орныг хамарсан хүний эрхийн түүхэн баримт бичиг төдийгүй хүүхдийн амьдрах, хөгжих, хамгаалуулах, оролцох үндсэн эрхийг баталгаажуулдаг.

НҮБ-ын Хүүхдийн Сангаас 2017 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх уриалга гаргасан. Өнөөдөр дэлхийн 190 гаруй орон нэгдэж, улс орнуудын Засгийн газар, холбогдох байгууллагууд хүүхэд бүрийн дуу хоолойг сонсож, эрхийг нь хүндэтгэхээ уриалан амлалт өгсөөр байна.

Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний санаачилгаар “Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг тохиолдуулан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хурлыг 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хуралдуулахаар товлосон. Түүнчлэн хүүхдийн сайн сайхан байдлыг дэмжсэн санаачилгыг бодит ажил болгох зорилгоор “За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөнийг орон даяар сурталчлан таниулах чиглэлийг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд дараах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна.

  • Үндэсний хөдөлгөөний баннер, мэдээллийг олон нийтийн газар, лед дэлгэц, автобусны буудал болон цахим орчинд түгээх;

  • Хүүхдийн төлөө хэрэгжүүлсэн үр дүнтэй санаачилга, сайн туршлагыг олон нийтэд дэлгэрүүлэх, контент бэлтгэх;

  • Хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөх, томчууд тэднийг сонсож “За” гэж хэлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх;

  • Хүүхдийн эрхийн конвенцын хэрэгжилтийг салбар, орон нутаг, байгууллагын түвшинд хэлэлцэн дүгнэж, бодит үр дүнтэй арга хэмжээ авах.

Хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй, ээлтэй орчныг бүрдүүлэх нь зөвхөн нэг байгууллага эсвэл нэг гэр бүлийн бус, нийгэм нийтээрээ хүлээх хариуцлага билээ.



Эх сурвалж
Захиргаа, санхүүгийн хэлтэс
Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Ө.Лхамноржин
Утас: 51-263922

Мэдээлэл
Уншихад: ~2 мин
Үгийн тоо: 298 үг (2285 тэмдэгт)
Уншсан: 17
Төрөл: Мэдээ мэдээлэл
Нийтэлсэн: 2026-11-20 09:38:20 - Лхамноржин Өлзийтогтох
Шинэчилсэн: 2026-11-20 09:38:20 - Лхамноржин Өлзийтогтох
Хуваалцах