БНХАУ-ын Тяньжин хотноо “Mining in Mongolia” өдөрлөгт АМГТГ-ын төлөөлөл оролцож хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцууллаа
2026-09-10 17:32:20
БНХАУ-ын Тяньжин хотноо зохион байгуулагдаж байгаа “CHINA MINING 2026” олон улсын 28 дахь удаагийн хурал, үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдсан “Mining in Mongolia” өдөрлөгийн үеэр салбарын бодлого, хөрөнгө оруулалтын орчин болон газрын тос, ашигт малтмалын хайгуул, тусгай зөвшөөрлийн асуудлыг онцлон хэлэлцлээ.
Арга хэмжээний эхэнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн зорилго, боломжууд” сэдвээр илтгэл танилцуулсан юм. Тэрээр Монгол Улс хөрөнгө оруулахад аюулгүй, тогтвортой, итгэл даахуйц орон болохыг онцолж, Засгийн газраас хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хуулийн дагуу хамгаалах, татвар, төлбөрийг тогтворжуулах, олборлолт болон боловсруулах үйлдвэрлэлийг тууштай дэмжих эрх зүйн шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байгааг танилцуулав.
Мөн өдөрлөгийн үеэр Ашигт малтмал, газрын тосны газрын төлөөллүүд салбарын хөрөнгө оруулалтын тодорхой боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны хайгуулын хэлтсийн дарга С.Түвшинбаяр Монгол Улсын газрын тосны хайгуулын салбар дахь хөрөнгө оруулалтын боломж, нээлттэй талбайнууд болон бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөлийг танилцуулсан бол Ашигт малтмал, газрын тосны газрын Хайгуул, ашиглалтын газрын дарга С.Ган-Очир тусгай зөвшөөрөл авах боломж, холбогдох журам болон хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа уул уурхайн төслүүдийн талаар танилцуулж, хөрөнгө оруулагчидтай санал бодол солилцлоо.
Эх сурвалж
Төрийн захиргааны удирдлагын газар
Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах ажилтан Ө.Лхамноржин
Утас:51-263922