Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсээс сар бүр аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулдаг “Уурхайчдын өглөө” ээлжит уулзалт өнөөдөр (2026.11.25) “Ашигт малтмалын баяжуулах үйлдвэрийн эрх зүйн орчин” сэдвийн хүрээнд амжилттай болж өнгөрлөө.
11 дүгээр сарын уг уулзалтад баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд уулзалтыг нээж АМГТГ-ын Уул уурхайн хэлтсийн дарга С.Ган-Очир үг хэлэв. Түүнчлэн төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөлөл дараах сэдвээр мэдээлэл, танилцуулга хийлээ. Үүнд:
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэн “Хууль эрх зүйн орчны шинэчлэл”,
АМГТГ-ын Уул уурхайн хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Лхагвабаатар “Ашигт малтмалын баяжуулах үйлдвэрийн өнөөгийн байдал”,
Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны Ерөнхийлөгч Б.Чинзориг “Баяжуулалтын инженерүүдэд тулгамдаж буй асуудал”,
Монголын жонш олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбооны Тэргүүн С.Цэвэгмэд “Дэлхийн хайлуур жоншны баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийн өнөөгийн байдал”,
Монголын үйлдвэрлэл, технологийн паркуудын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал О.Өлзийбаатар “Үйлдвэрлэлийн харилцаа, гинжин хэлхээ” сэдвээр тус тус илтгэл тавьж, санал солилцов.
Мөн уулзалтад оролцсон баяжуулах үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл өөрсдийн үйл ажиллагаанд тулгамдаж буй бодит хүндрэл бэрхшээл, хууль эрх зүйн орчны талаар байр сууриа илэрхийлж, шийдвэрлэх арга замын талаар тодорхой саналуудыг дэвшүүлсэн юм.
Уулзалтын төгсгөлд АМГТГ-ын Уул уурхайн хэлтсийн дарга С.Ган-Очир оролцогчдоос гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн боловсруулж, салбарын яам болон агентлагийн түвшинд авах арга хэмжээний санал болгон холбогдох шатанд уламжлахаа илэрхийллээ.