АМГТГ, Экологийн цагдаагийн алба байгаль орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана

Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлага болон хэлтсийн ахлах мэргэжилтнүүд Экологийн цагдаагийн албатай хамтран байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг практик түвшинд нэгдмэл байдлаар хангаж ажиллах чиглэлээр арга зүйн уулзалт, сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Б.Буяннэмэх чиглүүлэн явуулж, эрдэс баялгийн салбарын онцлог, бодит кейсүүдэд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагааны практик туршлагаас хуваалцав.

Сургалтын хүрээнд:

1. Уул уурхай, газрын тос болон бичил уурхайн салбарт түгээмэл үйлдэгддэг хууль бусаар ашигт малтмал олборлох (ЭХТА 24.2), химийн хорт болон аюултай бодисын хууль бус эргэлт (ЭХТА 24.3)-ээс үүдэлтэй гэмт хэргийн шинж чанар, шийдвэр гаргах түвшинд үүсэж болох эрх зүйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх практик шийдлүүдийг хэлэлцлээ.

2. Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль болон “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу олгогддог зөвшөөрөл, тайлан тусгалын ажлууд нь Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн заалтуудтай бодит амьдрал дээр хэрхэн огтлолцож байгааг кейс дээр шинжлэн судлав.

3. АМГТГ нь салбарын аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүргийнхээ хүрээнд цагдаагийн байгууллагатай түргэн шуурхай мэдээлэл солилцож, зөрчлийг эрт үед нь таслан зогсоох хамтын механизмаа идэвхжүүлэхээр тохиролцов.

Энэхүү арга зүйн уулзалт нь салбарын мэргэжилтнүүд хуулийн заалтыг хэрэглэхэд тулгардаг практик асуудлуудыг мөрдөн шалгах байгууллагын бодит туршлагатай уралдуулан хэлэлцэж, байгууллага хоорондын хамтын ажиллагааны уялдааг сайжруулсан ач холбогдолтой боллоо.


Эх сурвалж
Захиргаа, санхүүгийн хэлтэс
Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Ө.Лхамноржин
Утас: 51-263922

Мэдээлэл
Уншихад: ~2 мин
Үгийн тоо: 227 үг (1846 тэмдэгт)
Уншсан: 39
Төрөл: Мэдээ мэдээлэл
Нийтэлсэн: 2026-11-11 14:26:19 - Лхамноржин Өлзийтогтох
Шинэчилсэн: 2026-11-11 14:32:12 - Лхамноржин Өлзийтогтох
Хуваалцах