Алтны тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хийх уулзалт зохион байгуулав

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар санаачлан 2026 оны 03 дугаар сарын 27-ний өдөр Туушин зочид буудлын Соёмбо хурлын танхимд алтны тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй уулзах уулзалтыг зохион байгууллаа.

Энэхүү уулзалт нь Засгийн газрын 2026 оны 66 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, алт олборлолтын эрчимжүүлж Монголбанкинд тушаах алтны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хуулийн хүрээлэлд хамрагдсан алтны тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй уулзалт зохион байгуулж тэдгээрийн санал, хүсэлтийг сонсох, холбогдох судалгааг хийж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэх зорилготой.

Тус уулзалтад гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хуулийн хүрээлэлд хамрагдсан алтны тусгай зөвшөөрөл эзэмшигчид болох 155 тусгай зөвшөөрлийн 112 аж ахуй нэгжид уулзалтын зар тарааж 86 аж ахуйн нэгжийн 102 төлөөлөл оролцох байснаас 67 аж ахуйн нэгжийн 91 төлөөлөл оролцлоо.

Уулзалтыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар нээж улмаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголбанкаас илтгэл хэлэлцүүлж, мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням алтны тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хандан Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх мэдээллийг хүргэж улмаар алтны тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн санал, хүсэлтийг авч холбогдох судалгааг хийн ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар танилцуулж шийдвэрүүлэхээр тогтлоо.

Энэхүү уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлсэн үгэндээ “Хариуцлагатай уул уурхайг онцгой анхаарч үзэх ёстой” хэмээн тодотгов. Энэ талаар яриандаа “Алтны салбарын та бүхэндээ ний нуугүй хэлэхэд Алт-1 хөтөлбөрийн хор хөнөөл, ашиг тус энэ тэнцүү байсан. Нийгэм шилжиж инфляц -328 хувь хүрсэн тэр цаг үед бид алтаа явуулахаас өөр гарцгүй байсан. Тухайн үеийн төр, засгийн бодлогыг шүүмжлэх боломжгүй. Ингээд бид инфляц -328 хувиас дээш эдийн засгаа өсгөх хэмжээнд хүрч чадсан бол сөрөг үр дүн нь 1000 гаруй гол мөрөн, 800 орчим нуур цөөрөм ширгэж өөрчлөгдсөн гажиг үүссэн. Алт-1 хөтөлбөрийн сөрөг тал нь үлдчихээд давуу тал нь яригдахгүй байна. Одоо бид Алт-3 аяны тухай ярьж байна. Энэ аяныг хэрэгжүүлэхэд хариуцлагатай уул уурхай хэрэгтэй. Салбарынхаа нэр төрийг бодож, дараа дараагийн төслүүдийг явуулах тухай бодох хэрэгтэй. Хариуцлагатай уул уурхайг бид онцгой анхаарч үзэх ёстой. Хариуцлагатай уул уурхай гэдэг нь байгаль орчинд ээлтэй, нийгэм эдийн засаг үр өгөөжтэй байхыг хэлнэ” гэсэн юм.

Мөн уулзалтын үеэр Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ирэх долоо хоногт Засгийн газарт өргөн барьж УИХ-ын Хаврын чуулганд батлуулах зорилготой байгаагаа дуулгалаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан танилцуулснаар, АМНАТ-ийн орон нутагт хуваарилах төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлнэ. Энэ талаар хэлэхдээ “Одоогийн хуулийн зохицуулалтаар ухуулсан нь хохирч, ухуулдаггүй нь хождог гажуудал үүссэн. Зарим аймаг уул уурхайгүй гэж гайхуулдаг зам руу орчхоод байна. Гэтэл манай улсын төсвийн 38 хувийг манай салбар бүрдүүлж байна. Олон улсын дунджаар, аль нэг салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 8-аас дээш хувийг оруулж байвал тухайн салбар тэр улс орны үндсэн эдийн засгийн суурь салбарт тооцогддог. Манайх 38 хувь байгаа нь дэлхийд өндөр үзүүлэлт. Бид дэлхийн 90 гаруй улстай ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт татахаар өрсөлддөг ч орон нутаг иргэдэд өгөөж нь мэдрэгддэггүй учир эсэргүүцэлтэй тулгардаг. Ингээд төр нь хаядаг байдлыг засна” гэлээ. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ-өөс орох орон нутагт хуваарилах орлогыг нийт орлогын 20 хувь болгон нэмэгдүүлж нөлөөлөлд өртөж буй аймагт хуваарилах мөнгөн дүнг нэмэгдүүлж байгаа юм.

Уулзалтын үеэр алтны тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжийн төлөөлөл сонирхсон асуултандаа хариулт авч, санал хүсэлтээ илэрхийлж цаашид харилцан үр ашигтай хариуцлагатай хамтран ажиллах саналуудаа илэрхийлэв.





Эх сурвалж

Төрийн захиргааны удирдлагын газар

Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах ажилтан Э.Батжаргал

Утас:51-263922

Мэдээлэл
Уншихад: ~3 мин
Үгийн тоо: 582 үг (4290 тэмдэгт)
Уншсан: 45
Төрөл: article
Нийтэлсэн: 2026-03-30 15:54:11
Хуваалцах