Албан хаагчдад харилцаа, ёс зүй, жендэрийн мэдлэг олгох сургалт болов

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газар хамтран салбарын албан хаагчдад зориулсан “Харилцаа, хандлага, ёс зүйн мэдлэг олгох” сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, ажлын байранд тэгш, хүндэтгэлтэй орчин бүрдүүлэх зорилготой тус сургалтад салбарын 84 албан хаагч танхим болон цахим хэлбэрээр хамрагдав.

Сургалтад Жавзандамба хутагт төвийн багш, гавж Г.Нямсамбуу зочин багшаар оролцож, амьдралд тулгардаг асуудлыг ухаалгаар шийдвэрлэх, сэтгэлээ төвлөрүүлэх, аливаа нөхцөлд тайван, зөв хандлагаар хандах болон ёс зүйтэй харилцааг төлөвшүүлэх чиглэлээр илтгэл тавьж, сургалт явууллаа.

Тус сургалтаар дараах гол сэдвүүдийн хүрээнд мэдээлэл хүргэж, санал бодол солилцсон хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Үүнд:

- Ёс зүйн хэм хэмжээг мөрдөх, эерэг баг бүрдүүлэх, аливаа асуудалд тайван, ухаалгаар хандах;

- Хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх;

- Ажлын байранд хүн бүрийн онцлог, эрхэм чанарыг хүндэтгэн дээдлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх.

Энэхүү арга хэмжээ нь албан хаагчдын ёс зүйн ухамсар, харилцааны соёлыг дээшлүүлж, байгууллагын эерэг соёлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.


Мэдээлэл
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 155 үг (1238 тэмдэгт)
Уншсан: 12
Төрөл: Мэдээ мэдээлэл
Нийтэлсэн: 2026-10-27 19:21:21 - Лхамноржин Өлзийтогтох
Хуваалцах