Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр “Брент” төрлийн газрын тосны үнэ 85.77-89.43 ам.доллар/баррель, “WTI” төрлийн газрын тосны үнэ 81.84-85.90 ам.доллар/баррелийн хооронд хэлбэлзсэн байна.

“Брент” төрлийн газрын тосны үнэ 2023 оны аравдугаар сарын 31-ний өдрийн 10:30 цагийн байдлаар 86.64 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 82.67 ам.доллар/баррель байгаа нь өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагийн үзүүлэлттэй харьцуулахад “Брент” төрлийн газрын тосны үнэ 4.25 хувиар, “WTI” төрлийн газрын тос 4.03 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Казахстаны эрх баригчид "Дружба" хоолойгоор дамжуулан Германд нийлүүлэх газрын тосны хэмжээг жилд 2 сая тоннд хүргэхээр Орос, Германы мэргэжилтнүүдтэй хэлэлцээр хийж байна гэж тус улсын Эрчим хүчний сайд Алмасадам Саткалиев сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

ОХУ барууны орнуудын тогтоосон газрын тосны үнийн дээд хязгаарт дасан зохицож, бусад улс орнуудын арга барилыг ашиглан хязгаарлалтыг тойрч гарсан гэж Америкийн "Foreign Policy" сэтгүүлд бичжээ.

            ОХУ-ын Коми хотын Верхнеколвинск тосгоны ойролцоо газрын тос түр хадгалах сав дэлбэрсэн тухай тус улсын Байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалах яамны сайд Екатерина Киселевич Telegram сувагт мэдээлэв.

            Сэргээгдэх эрчим хүчний зах зээлд эзлэх хувь хэмжээ нэмэгдэж буй энэ үед дэлхийн хэмжээнд байгалийн хийн эрэлт 2040 он хүртэл өмнө нь таамаглаж байснаас ч сул байх төлөвтэй гэж Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг (IEA) тооцооллоо. Тус агентлаг ийнхүү байгалийн хийн эрэлтийн төсөөллөө дөрөв дэх жилдээ дараалан бууруулж байна.

            Байгалийн хийн нийлүүлэлтээр тэргүүлэгч ОХУ-ын зах зээлд эзлэх хувь хэмжээ буурахаар байгааг тайландаа онцолжээ. Өнгөрсөн онд ОХУ Европт нийлүүлэх байгалийн хийн хэмжээгээ эрс бууруулснаар Европ эрэлтийн төлөвөө бууруулаад байгаа юм. Харин АНУ, Катар зэрэг улс шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтээ нэмэгдүүлж, зах зээлийг байгалийн хийгээр тасралтгүй хангаж байна.

            Байгалийн хий дамжуулах хоолойн "Сибирийн хүч-2" төслийн Монгол дахь бүтээн байгуулалтын ажил 2024 оны эхний улиралд эхлэхээр хүлээгдэж байгааг ОХУ-ын Шадар сайд Виктория Абрамченко мэдэгдсэн. Тэрээр хэлэхдээ, “Одоогоор төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсон бөгөөд зураг төслийг энэ оны эцсээр дуусгаж, ирэх оны эхний улиралд батлах төлөвлөгөөтэй” гэж онцолсон байна.

 

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

(Эх сурвалж: www.bloomberg.com; www.investing.com; www.oil.in-en.com; www.ria.ru; www.reuters.comwww.oilprice.comwww.eia.gov.mn; зэрэг веб сайтын мэдээг үндэслэв.)