ЭМГЭНЭЛ
БАТСУУРИЙН ДАВАА
(1955-2025)

Тэрээр 1955 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Төв аймагт төрж, 1974 онд Улаанбаатар хотын 3 дугаар арван жилийн дунд сургуульд суралцан төгсжээ.
Б.Даваа нь 1974-1979 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул Уурхайн Дээд Сургуульд суралцан Уулын инженер-маркшейдер, аэрогеодезийн инженерийн хос мэргэжлээр “Улаан диплом”-той төгсөж Түлш, эрчим хүний яамны харъяа Нүүрсний нэгдэлд мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлсэн бөгөөд нүүрсний уурхайнуудын үйл ажиллагаа, үйлдвэрлэлийг оновчтой зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж байв.
Б.Даваа 1986-1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Барилга, архитектур, техник хяналтын улсын хорооны Уул уурхайн техник, эрчим хүчний хяналтын газарт Уул уурхайн улсын байцаагч, 1990-1992 онд Ардын хянан шалгах хороонд Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчаар, 1992 онд шинээр байгуулагдсан Геологи, эрдэс баялгийн яаманд улсын байцаагч, 1994 оноос Геологи, уул уурхай, түлш эрчим хүчний яамны Геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга-улсын ерөнхий байцаагчаар томилогдон ажиллаж байлаа.
Түүний удирдсан Геологи, уул уурхайн улсын хяналтын хэлтэс “Алт” хөтөлбөр, түүний хэрэгжилтэнд хууль-эрх зүйн хяналт тавихын зэрэгцээ үйлдвэрлэгчдэд тал бүрийн дэмжлэг үзүүлж анхны зөвөлгөөнийг 1993 онд амжилттай зохион байгуулсан юм.
1996 оноос Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн улсын хяналтын албаны даргаар томилогдон 1997 оны 7 дугаар сар хүртэл ажиллахдаа Ашигт малтмалын тухай шинэ хуулийг боловсруулахад идэвхитэй оролцсон салбарын шилдэг мэргэжилтэн байсан билээ.
Б.Даваа нь 1997 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар байгуулагдахад Геологи, уул уурхайн кадастрын албаны анхны даргаар томилогдон ажиллаж хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олголтыг олон улсын жишигт нийцүүлэн, солбицлын нэгдсэн системд оруулан бүртгэлжүүлэх нөр их ажлын суурийг амжилттай тавьж өгсөн юм.
Тэрээр 2007-2010 онд Дэлхийн банкны “Засаглалыг дэмжих” төслийн Уул уурхайн бүртгэл, кадастрын системийн Үндэсний зөвлөхөөр ажиллаж байв.
Б.Даваа нь АМХЭГ-ыг мэргэжилтэй чадварлаг боловсон хүчнээр бэхжүүлэх болон салбарын залуу мэргэжилтнүүдийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, зөвлөн тусалж ШУТИС-ийн олон оюутны дипломын ажлыг удирдаж байсан юм.
Түүний хөдөлмөрч, хичээнгүй зан чанарыг уул уурхайн салбарын хамт олон өндрөөр үнэлдэг бөгөөд Хаан гарьд ХХК, Рэдхил монголия Очир ХХК, Чандганакоул ХХК-иуд урьж зөвлөхөөр ажиллуулж байв.
Б.Даваа нь улсад 30 гаруй жил ажиллахдаа хамт олны итгэлийг хүлээсэн нэр хүндтэй удирдан зохион байгуулагч, манлайлагч, зөвлөгч байсан юм.
Б.Даваагийн хөдөлмөр зүтгэлийг төрөөс үнэлж “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Тэргүүний уурхайчин” хүндэт тэмдгээр шагнажээ.
Түүний ажил хэрэгч, ухаалаг, тусч энэрэнгүй, эвсэг, гэр бүл, үр хүүхэддээ халамжтай, эгэл даруу зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдах болно.
Гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ашигт малтмал, газрын тосны газар