Уул уурхайн сайд Р.Жигжид болон яамны холбогдох удирдлагуудын хамтаар Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа, тус газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Алтанцог нар Колумб улсад 09 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад 09 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.

Уул уурхайн сайдаар ахлуулсан томилолтын баг Колумб улсын Уул уурхай, эрчим хүчний сайд, Байгаль орчин, тогтвортой хөгжлийн болон Гадаад хэргийн дэд сайд нартай тус тус уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр орны уул уурхайн салбарын талаар товч танилцуулга хийж, харилцан санал солилцлоо. Ингэхдээ хууль бусаар ашигт малтмал олборлолт, бичил уурхай, орон нутгийн иргэдтэй харилцах асуудал, хөрөнгө оруулалт, татварын орчин зэрэг олон асуудлыг хөндөн ярилцаж, цаашид харилцан туршлага солилцох боломжийн талаар ярилцав.

Уул уурхайн сайд Р.Жигжид Колумб улсын Байгаль орчин, тогтвортой хөгжлийн Дэд сайд Павло Вера Сантостай уулзаж уул уурхайн олборлолтын улмаас байгаль орчны нөлөөллийг хэрхэн зохицуулдаг, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай техник технологи нэвтрүүлэх, байгаль орчны нөлөөлөлтэй холбоотой тусгай зөвшөөрлүүдийн олголтын талаар харилцан ярилцлаа. Энэхүү айлчлалын үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид Колумбын Гадаад хэргийн дэд сайд Патти Лондонио Харамиллотой уулзаж Монгол, Колумбын харилцаа, хамтын ажиллагааг цаашид уул уурхайн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой болохыг тэмдэглэсэн.

Уулзалтын үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид Колумбын Үндэсний сургалтын төвд Монголоос багш болон мэргэжилтэн бэлтгэх, дадлагажуулах албан хүсэлтийг Колумбын Гадаад хэргийн яам болон холбогдох байгууллагад тавьсныг найрсгаар хүлээн авч дэмжихээ илэрхийлэв.

Томилолтын багийн ХБНБУ-ын албан айлчлалын үеэр тус улсын Байгаль орчны сайд Изабелла Тейшератай уулзлаж  Минаматогийн конвенцийн хүрээнд мөнгөн усны хэрэгцээг хязгаарлах тухай авч буй арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцлоо.

Бразил улс нь тус конвенцид нэгдэх талаар шийдэлд хүрч, тодорхой ажлууд хэрэгжүүлж байгаа талаараа танилцууллаа. Үүний нэг нь уул уурхайн салбар дахь мөнгөн усны хэрэглээг багасгах ажлыг үр дүнтэй зохион байгуулж байгаа аж.

Монгол улс нь энэхүү үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэхийн ялдамд уур амьсгалын дулаарал зэрэг дэлхий дахиныг хамаарсан асуудалд хоёр улсын байр суурь нэг байдгийг цохон тэмдэглэлээ.

Бразилын уул уурхай, эрчим хүчний сайдтай уулзах байсан хэдий ч улс төрийн нөхцөл байдлаас хамаарч дэд сайд ноён Луис Эдуардо, Геологи, уул уурхайн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Карлос Ногуеира да Коста Жуниор болон бусад төлөөлөлтэй албан ёсны уулзалт хийлээ.

Тус уулзалтаар хоёр орны уул уурхайн салбарын талаар товч танилцуулга хийж, харилцан санал солилцсон бөгөөд тулгамдаж буй асуудал болох хууль бусаар ашигт малтмал олборлох, бичил уурхай, орон нутгийн иргэдтэй харилцах асуудал, хөрөнгө оруулалтын болон татварын орчин зэрэг олон асуудлыг хөндөн ярилцаж, цаашид харилцан туршлага солилцох боломжтой талаар ярилцав.

Монгол Улс, ХБНБУлс хооронд геологичдыг харилцан солилцож, хайгуулын ажилд оролцуулах саналыг Бразилын талд тавьсан ба Бразилын тал нааштайгаар хүлээн авлаа.

Бразил улс нь дэлхийн ашигт малтмал олборлогч томоохон орнуудын нэг ба төмрийн хүдрийн олборлолтоор дэлхийд эхний 10 дугаар байранд ордог орон юм байна.

Манай хоёр орны уул уурхайн салбарт ижил төстэй тулгамдаж буй олон асуудал байдаг бөгөөд хууль эрхзүйн орчныг шинэчлэх, бичил уурхайн асуудал, түүнийг албажуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, татварын орчныг сайжруулах, уул уурхайн байгаль орчны нөхөн сэргээлт, уурхайн хаалт, геологийн судалгааны хүрээг тэлэх зэрэг асуудлуудын талаар санал солилцлоо.

Уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахад санал нэг байгаагаа Бразилын тал илэрхийлжээ.