АМГТГ болон ХГТИС-ийн уулзалт

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Ш.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Газрын тосны их сургуульд 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зочлон тус сургуулийн дэд захирал Жанг Гуангчинг болон бусад төлөөлөгчидтэй хамтын ажиллагааг сайжруулах талаар уулзалт хийв. Тус сургуулийн Олон улсын боловсролын сургууль, Онлайн болон мэргэшүүлэх сургалтын холбогдох удирдлагуудтай харилцан санал бодлоо солилцож, өнөөдрийн байдлаар хамтын ажиллагаа нь Монгол Улсад газрын тосны судалгаа, хайгуул, ашиглалтын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд голлон анхаарч байсан бол энэ удаагийн уулзалтаар Монгол Улсад баригдаж буй Газрын тосны боловсруулах үйлдвэр ашиглалтад орох бэлтгэл ажлын хүрээнд энэ чиглэлийн мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх, газрын тосны үйл ажиллагаанд хяналт тавьж буй төрийн захиргааны байгууллагын албан хаагчдыг богино, дунд хугацаанд мэргэшүүлэх, сэргээгдэх эрчим хүч, шинэ дэлгэрч буй эрчим хүчний эх үүсвэрүүд, газрын тосны салбарын үйл ажиллагаанд автоматжуулалт, хиймэл оюун ухаанд суурилсан технологи нэвтрүүлэх, шинэ тутам хөгжиж буй технологиудаас суралцах зэргээр хамтын ажиллагаагаа улам сайжруулах талаар санал солилцож харилцан тохиролцов.