ЭМГЭНЭЛ 

МАГСАРЖАВЫН ОЧИРБАТ  

 (1981-2025) 



           Монголын Үйлдвэрлэлийн геологичдын холбооны ерөнхийлөгч асан, Голден Хилл ХХК-ийн захирал, Геологи-эрдэс судлалын ухааны доктор, Зөвлөх геологич Магсаржавын Очирбат 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тэнгэрийн орноо дэвшиж, геологи, эрдэс баялгийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.  

М.Очирбат нь 1981 оны 03 дугаар сарын 22-нд Увс аймгийн Тэс сумын нутагт Тооромт хэмээх газар Д.Магсаржавын отгон хүү болон мэндэлж, 1988-1996 онд Увс аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургууль, 1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын дунд сургууль, 2000-2004 онд ШУТИС-ийн Геологийн сургуулийг Геологи мэргэжлээр бакалавр, 2004-2006 онд ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийг Геологи мэргэжлээр магистр, 2014-2015 онд Удирдлагын академийн Төрийн захиргаа менежмент мэргэжлээр бакалавр зэрэгтэйгээр тус тус суралцан төгсөж, 2023 онд Монгол Улсын Зөвлөх геологич, 2024 онд ШУТИС-Геологи Уул Уурхайн Сургуульд, Геологи эрдэс судлалын ухааны доктор зэргийг Овоот хурал хотгорын геологи, хурдас хурамтлалын орчин, нүүрсний чанарын судалгаа сэдвээр хамгаалаад байсан юм. 

М.Очирбат нь ажил, хөдөлмөрийн гараагаа техник геологичоор эхэлж, 2004-2009 ондСапфир Гео” ХХК-д геологич, ахлах геологич, төслийн ерөнхий геологич, 2008 оноос өнөөг хүртэл Голден Хилл” ХХК-ийг үүсгэн байгуулж гүйцэтгэх болон ерөнхий захирлаар ажиллаж байв  

Тэрбээр геологи, эрдэс баялгийн салбарын хөгжлийн төлөө өөрийн ур чадвар, ухамсарт амьдралаа зориулж ирсэн бөгөөд, геологи-эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоог санаачлан үүсгэн байгуулж, 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгчөөр ажиллаж байлаа.  

Сүүлийн жилүүдэд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн “Ашигт малтмалын хайгуулын асуудал” хэлэлцэх салбарын зөвлөлийн гишүүнээр тууштай ажиллаж, олон ашигт малтмалын ордуудын нөөцийг бүртгэж авах, нүүрсний хайгуулын салбарын хөгжилд өөрийн үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.  

Тэрбээр геологи, эрдэс баялгийн салбарын төрийн захиргааны байгууллагууд болон эрдэм шинжилгээний байгууллага, төрийн бус байгууллага хооронд гүүр болон ажиллаж, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, уялдааг хангах, геологичдын эрх ашгийг хамгаалахад илүүтэй анхаардаг байсан нь Монголын геологи, хайгуул чуулга уулзалт, Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа геологийн судалгааны ажлын чанар, үр дүн сэдэвт хэлэлцүүлэг зэргээс гарч байсан шийдэл, биелэлт зэргээс харагддаг байлаа.   

 М.Очирбат нь геологи хайгуулын 100 гаруй төслийг амжилттай удирдаж, 30 гаруй ашигт малтмалын ордын тайланд зохиогч болон шинжээчээр ажиллаж, 10 гаруй ордыг шинээр нээн илрүүлснийг дурдвал; 

- Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Нарийн сухайтын /Овоот толгой/ чулуун нүүрсний ордын Зүүн-өмнөд, Баруун хэсэгт 2005 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, 

- Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт орших Цагаан толгойн нүүрсний ордод 2004-2006 онд хийсэн эрэл-үнэлгээ, нарийвчилсан хайгуулын үр дүнгийн тайлан 

- Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дахь Цант-Уулын чулуун нүүрсний ордод 2010-2011 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан 

- Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Сүмбэрийн нүүрсний ордод 2005-2010 онд хийсэн эрэл-үнэлгээ, нарийвчилсан хайгуулын үр дүнгийн тайлан 

- Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт дахь Эрдэнэцогт-2 хүрэн нүүрсний ордод 2003-2010 хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан 

- Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Баянтэсийн чулуун нүүрсний ордод 2005-2012 онуудад хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан 

- Төв аймгийн Баянжаргалан, Баян, Архуст сумдын нутаг байрлах Цайдам нуурын ордын баруун хойд хэсэгт Нүүрст талбайд 2011-2012 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан 

- Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Баянтэсийн чулуун нүүрсний ордын Хөвд, Гашуутолгойн хэсгийг ил аргаар ашиглах ТЭЗҮ 

- Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Баянтэсийн чулуун нүүрсний ордын Хүрэнцавын хэсэгт 2006-2014 онд хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, Гашуу толгойн хэсгийн нөөцийн тодотгол тайлан 

- Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг орших Зангат Уул чулуун нүүрсний ордын Зүүн хэсэгт 2015-2017 онуудад гүйцэтгэсэн нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнгийн тайлан 

- Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Хөхдовын худаг чулуун нүүрсний ордод 2010-2018 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан 

- Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт орших Хотгор чулуун нүүрсний ордын Зүүн хэсэгт 2006-2017 онуудад гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын ажлын үр дүнгийн тайлан 

- Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт орших Тогоот чулуун нүүрсний ордод 2017-2019 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан 

- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг орших Төхөмийн хүрэн нүүрсний ордын Улаанчулуутын хэсэгт 2015-2019 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. 

- Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт орших Баруун Ноён Уул-1 Баруун чулуун нүүрсний ордод 2018-2022 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан 

- Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Алаг тогоо чулуун нүүрсний ордын Жаргалант хэсэгт 2023 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан зэргийг хамт олон, багаа удирдан гүйцэтгэж Монгол Улсын эрдсийн сан хөмрөгийг 4 тэрбум гаруй тонн нүүрсний нөөцөөр арвижуулсан болно. 

Түүний шинээр нээсэн, хайгуулын ажлыг нь хийж гүйцэтгэсэн дээрх орд газрууд эдийн засгийн эргэлтэд орсноор мянга мянган ажлын байруудыг шинээр бий болгож, улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр болж, улсын эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр болж байгааг хүндэтгэн дурсах болно. 

М.Очирбатын геологи, эрдэс баялгийн салбарт оруулсан хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлж, Тэргүүний геологич, Тэргүүний уурхайчин, Алтангадас одонгоор тус тус шагнасан юм.  

Түүний ажилч хичээнгүй зан, геологийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан үйл хэрэг, хөдөлмөрч, манлайлагч дүр төрх нь салбарын хамт олны дунд үүрд залуугаараа хоногшин үлдэх болно.   

Гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.  

 

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ 

ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА 

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР