Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсээс дэлхийн цайрын зах зээл, Монгол Улсын цайрын геологи, хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл, өнөөгийн ашиглалтын байдал, ирээдүйн хэтийн төлөв зэрэг мэдээллээр цайрын хэтийн төлөвийн судалгааг бэлтгэн гаргалаа.

Монгол улсад цайр агуулсан холимог металлын хэтийн төлөвтэй 11 металлгены муж, бүс, 139 илрэлийн хэмжээнд 106.7 сая тонн цайрын баялаг, 10 ордод 2.18 сая тонн цайрын нөөц бүртгэгджээ.

Монгол улсын хэмжээнд цайрын орд болон цайр агуулсан холимог металлын ордын 5 төсөл ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр ордууд 2016 оноос хойш жилд 940-2430 хүнийг ажлын байраар хангаж, 100-150 мянган тонн цайрын баяжмал үйлдвэрлэн экспортод гаргаж 207-639 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, улс, орон нутгийн төсөвт 44-517 тэрбум төгрөгийн татвар хураамжийг төлсөн. Мөн үүнээс гадна техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн боловч ашиглалтын үйл ажиллагаа эхлээгүй цайр агуулсан бүтээгдэхүүн гаргах 17 төсөл байна.

Ашиглалтад бэлдсэн болон ашиглаж байгаа нийт 22 төслийн хүрээнд 2024 оноос 2063 он хүртэл, 40 жилийн хугацаанд нийт 5644 хүнийг ажлын байраар хангаж, 2.1 сая тонн цайр агуулсан 18.04 сая тонн цайрын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 19.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, 4.5 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр байна. Төсөл бүрийн үзүүлэлтүүдээс үзэхэд жилд дунджаар 67-804 хүнийг ажлын байраар хангаж, 1.7-164.2 мян.тн цайрын баяжмал үйлдвэрлэн экспортод гаргаж, 4.9-1,556.0 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, улс, орон нутгийн төсөвт 0.8-437.8 тэрбум төгрөгийн татвар хураамжийг төлнө.

 

Судалгааны ажлын тайланг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү.