ЭМГЭНЭЛ ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ /1942-2025/
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр таалал төгсөж Аж үйлдвэр, эрдэс баялаг, геологи, уул уурхайн салбарт хүнд гарз тохиолоо.
Пунсалмаагийн Очирбат нь 1942 оны 01 дүгээр сарын 23-нд Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан багийн Хужиртын Тулга ханангийн нурууны Бунхантын өвөлжөөн дээр мэндэлжээ.
1951-1960 онд Завхан аймгийн дунд сургууль,
1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр тус тус суралцаж төгсжээ.
П.Очирбат нь 1965-1967 онд Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн,
1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер,
1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд,
1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд,
1985-1987 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга,
1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд,
1990 оны 03 дугаар сараас 1990 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын албыг хашиж байв.
1990 оны 09 дүгээр сараас 1992 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ерөнхийлөгч,
1992 оны 02 дугаар сараас 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгч,
1993-1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгч,
1997 оны 08 дугаар сараас "Очирбат" сангийн удирдах зөвлөлийн дарга,
2005 оноос Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байв.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат шилжилтийн цаг үед тохиосон хүнд бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэйгөөр биелүүлж Ардчилсан Монгол Улсын хөгжил, цэцэглэлт, эв нэгдэл, ардчилсан үзэл санааг бэхжүүлэх, чөлөөт, бие даасан эдийн засгийг тогтворжуулах үйлсэд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл бүхэн Бүгд найрамдах Монгол Улсын шинэ цагийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх болно.
Мөн түүний геологи, уул уурхайн салбарт оруулсан санаачилгууд бодитой ажил хэрэг болж, Эрдэнэтийн зэс молибдений орд газрыг эзэмших техник эдийн засгийн үндэслэлийг гаргахад гар бие оролцож, Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Зөвлөлийн Монголын хэсгийн даргаар ажиллаж байсан түүхийг салбарын алба хаагчид бид бүхэн үргэлж санаж, салбарынхаа хөгжил, цэцэглэлтийн төлөө үргэлжлүүлэн ажиллах болно.
Түүний гэр бүл, төрөл төрөгсдөд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлага, хамт олны зүгээс, нийт алба хаагчдынхаа нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.