УУГТТ Лаборатори 6 ДАХ УДААГИЙН ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭГ ГАРДАН АВЛАА.
Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори нь Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2024 оны 12 дугаар сарын 26 өдрийн А/383 тоот тушаалаар MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага”-ийг ханган 6 дах удаагийн итгэмжлэлийг газрын тосны шинжилгээний автобензин -13, дизель түлшний-14, нүүрсний шинжилгээний-18, хөрс усны шинжилгээний - 12 сорилтын төрлөөр, 4 жилийн хугацаатай “ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ”-г гардан авлаа.
Уул уурхай, газрын тосны төв лаборатори нь 2006 онд анх итгэмжлэгдэж байсан бөгөөд тасралтгүй 18 дах жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Газрын тосны бүтээгдэхүүн, шатах ашигт малтмал тэдгээрийн бүтээгдэхүүн, хөрс усны шинжилгээ, туршилтыг Үндэсний болон Олон улсын стандартад нийцүүлэн чанарын өндөр түвшинд, хурдан шуурхай гүйцэтгэх, шинжилгээний үр дүнгийн үнэн бодит байдлыг хангах, лабораторийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу удирдлагаас мэргэжлийн удирдамж чиглэл авч хувь хүн, хуулийн этгээдэд санал, зөвлөмж, тайлбар хүргүүлэх зорилготой ажилладаг.
БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА, УУХҮЯам /хуучин нэрээр/, болон Сангийн яам хооронд байгуулсан “МОНГОЛ УЛСЫН АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ХҮРЭЭНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙН ЧАНАРЫН ТОГТОЛЦОО, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” тус лабораторид 2021-2025 онд хэрэгжиж лабораторийн орчин нөхцөлийг сайжруулж, шинжээч мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж, техникийн чадавхыг нэмэгдүүлж барилгыг бүтэн засварлаж, лабораторийн нарийн шинжилгээний хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэн угсарч суурилуулан, ашиглаж эхлэхэд бэлэн болголоо.