ЭМГЭНЭЛ
Бидний хамтран зүтгэгч, мэргэжил нэгт дотны нөхөр Товуудорж овогтой Батдорж нь 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж, геологийн салбар, бид бүхний хувьд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Батдорж нь 1972 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрж, 1989 онд Улсын тэргүүний 10 жилийн 13 дугаар дунд сургууль, 1995 онд Монгол Улсын Техникийн Их сургуулийг (хуучин нэрээр) “Геологийн зураглал, эрэл-хайгуулч” мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгсөн, 1999 онд магистрын зэрэг хамгаалжээ.
Тэрээр ажлын гараагаа 1995 онд Архангай аймгийн Булган, Цэнхэр сумдын нутагт 1:50 000-ны масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ангид геологичоор ажиллаж эхэлсэн ба 1998 онд “Монгол газар”ХХК-д алтны шороон орд, 1998-2001 онд “Мандал Интернейшнл” ХХК-д Ялбагийн алтны шороон ордод геологич, ашиглалтын геологич, 2001 оноос “АО транс” ХХК-д геологич, 2005-2006 онд ГМТ-ийн “УГЗ-200 Баруун монгол” төслийн геологич, 2006-2022 онд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологийн газарт мэргэжилтнээр, 2022-2024 онд “Метал эрэл хайгуул” ХХК-д ахлах геологич, 2024 оны 04 дүгээр сараас өнөөдрийг хүртэл АМГТГ-ын Газрын тосны хайгуулын хэлтэст Уламжлалт бус газрын тосны хайгуул, чанар хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байв.
Т.Батдорж нь ажиллаж байсан хугацаандаа региональ судалгаа, түүний дотор 1:50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлуудын явц болон эцсийн үр дүнгийн тайлангуудад хяналт тавих, хувийн хөрөнгөөр хайгуулын ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгжүүдийн хайгуулын ажлын төлөвлөгөөг хүлээн авч хяналт хийн, тэдгээртэй холбоотой мэдээллийн санг үүсгэж, байгууллагын зүгээс гарын авлага, товхимол хэвлүүлж олны хүртээл болгоход удаа дараа оролцож, мэдээ мэдээллээр ханган ажиллаж байсан. Мөн ажлын хэрэгцээ, шаардлагатай уялдуулан геологийн судалгааны сүүлийн үеийн шинэлэг арга аргачлал, технологийг судлах, шинийг санаачлах зэргээр ажилдаа идэвх санаачилгатай, хариуцлагатай, урлаг спортын авьяастай, алиа хошин зантай, хамт олонтойгоо эвсэг тусархаг нэгэн байлаа.
Т.Батдоржийн хөдөлмөрч, хичээнгүй ажилсаг байдлыг үнэлж, 2008 онд Монгол Улсын тэргүүний геологич цол тэмдгээр шагнаж байсан ба салбарын болон байгууллагын олон шагналын эзэн болж байв.
Эрхэм дотны нөхөр, геологич Т.Батдоржийн гэгээн дүр бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэж, цаг ямагт дурсагдах болно. Түүний ээж, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай.
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР
2024.12.30