Гал түймрийн аюул, ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулав
Ашигт малтмал, газрын тосны газар нь болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшиг, осол, аюулт үзэгдэл тохиолдсон үед учирч болох хор хөнөөлийг багасгах зорилгоор агентлагийн хэмжээнд гамшгаас хамгаалах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, орон тооны бус мэргэжлийн ангийг байгуулан ажиллаж буй. Энэ хүрээнд ажилтан, албан хаагчдад мэдлэг, дадал олгох, бэлтгэл, бэлэн байдлыг хангах сургалтыг үе шаттай зохион байгуулж байна.
Энэ удаад Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран галын аюул ослоос урьдчилан сэргийлэх онол, практик хосолсон сургалтыг хийж, гал түймрийн тухай ерөнхий ойлголт, холбогдох хууль, дүрэм, журам, гал түймрийн зонхилох шалтгаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээг танилцуулан, гал түймэрт өртсөн үед амь насаа авран хамгаалах болон гал унтраагуур ашиглах заавар, зөвлөмжийг ажилтан, албан хаагчдад өглөө.
Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Учрал “Нийт гал түймрийн дийлэнх /80-90%/ нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг. Тиймээс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд дүрэм, журам, норм стандартыг мөрдөж, галын аюулгүй байдлыг хүн бүр гэртээ болон ажлын байран дээрээ хангах нь чухал. Тухайлбал, 25 м.кв тутам галын хорыг стандартын дагуу байрлуулах, барилга байгууламжийг галын аюулгүйн шаардлагыг бүрэн хангасан зураг төслийн дагуу угсрах, ашиглалтад хүлээн авах, аврах зам гарцыг байнга чөлөөтэй байлгах, ингэхдээ аваарын гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ тавих, авралтын зураг схем байрлуулах, технологийн, цахилгааны болон бусад тоног төхөөрөмжийн хэвийн ажиллах горим ба аюулгүй ашиглалтыг хангах, цахилгааны самбар дотор тэмдэг, тэмдэглэгээ хийх, гал автоматикийн систем суурилуулж, найдвартай ажиллагааг нь хангах, барилгын галын дотуур усан хангамж даралтат усны цэгийн иж бүрдэлд засвар үйлчилгээг хийж, ашиглалтын бэлэн байдлыг хангаж ажиллах шаардлагатай” гэдгийг сургалтын үеэр тодотгосон юм.
Мөн тэрээр аж ахуйн нэгж бүр ажилтан, албан хаагчдадаа аливаа гамшиг, аюул ослоос өөрийгөө болон өрөөлийг хамгаалах мэдлэг ойлголт эзэмшүүлж, чадавхжуулах нь үүсч болох эрсдэл, гарз хохирлоос урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой хэмээв.