Метан хийн хайгуулын бүтээгдэхүүн хуваах гэрээг “Юу Жи Эс” компанитай байгуулав

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 135 дугаар тогтоолын дагуу Төв XXXVI нүүрсний давхаргын метан хийн хайгуулын талбайд “Юу Жи Эс” ХХК-тай Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулах эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт олгосон билээ.

Энэ дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал, “Юу Жи Эс” компанийн Гүйцэтгэх захирал Мехмед Ридван Карпуз нар өнөөдөр /2024.11.22/ гэрээг үзэглэлээ.

Ёслолын үйл ажиллагаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга Ч.Хандсүрэн, Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал, Газрын тосны хайгуулын хэлтсийн дарга Э.Мөнх-Ирээдүй нарын холбогдох яам, агентлагийн удирдлагууд болон Австрали Улсын элчин сайд Кэйти Смит, Америк-Монголын худалдааны танхимын төлөөлөгч Крис Милвилл, Европ-Монголын худалдааны танхимын төлөөлөгч, ТУЗ-ийн гишүүн Г.Батзул, Европ-Монголын худалдааны танхимын төлөөлөгч Н.Цэдэв, бусад зочид төлөөлөгчид оролцов.

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал нээлтэд хэлсэн үгэндээ “Төв XXXVI талбайн хувьд хоттой хамгийн ойр учраас нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тодорхойлж, олборлосноор ирээдүйд түүхий нүүрснээс татгалзаж, экологийн хувьд цэвэр түлш ашиглан, хотын агаарын бохирдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэг өндөр хүлээлттэй байгаа. Тийм ч учраас байгаль орчны тогтвортой хөгжил, бүс нутаг, үндэсний нийтлэг ашиг сонирхлын төлөө бид тус салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээ бүхий л талаар дэмжиж, хамтран ажилласаар ирсэн” гэдгийг цохон тэмдэглэлээ.


Мөн тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас ногоон эрчим хүчний шилжилт хийхийг зорьж байгаа энэ үед “Юу Жи Эс” компанитай байгуулсан эрлийн гэрээ Бүтээгдэхүүн хуваах гэрээний шатанд шилжиж, ахиц дэвшил гарч буйд баяртай байгаа”-гаа илэрхийлэв.

“Юу Жи Эс” компанийн Гүйцэтгэх захирал Мехмед Ридван Карпуз “Төв XXXVI талбай нь хоттой ойроос гадна нүүрсээр баялаг бүсэд оршиж байгаа учраас нүүрсний давхаргын метан хий илэрч, бүтээгдэхүүн болох магадлал их юм. Хайгуулын ажил амжилттай явагдвал ирээдүйд бид Улаанбаатар хотыг ногоон эрчим хүчээр хангах шинэ эх үүсвэрийг бий болгож чадна” гэдгийг онцолсон юм.

Монгол Улсад одоогоор зургаан талбайд дөрвөн компани нүүрсний давхаргын метан хийн хайгуулын бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан, 2018 оноос эхлэн тасралтгүй эрэл хайгуулын ажлыг явуулж байна. Австралийн “Юу Жи Эс” компани нь ийнхүү долоо дахь компани болж, Бүтээгдэхүүн хуваах гэрээг Монгол Улсын Засгийн газартай байгууллаа.