Уулын ажлын тайлан, төлөвлөгөөний цахим системийн шинэчлэгдсэн хувилбарыг танилцуулах сургалт боллоо

Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтэс нь геологи, уул уурхайн мэдээллийн цахим системийг шинэчилж, 2025 оны уулын ажлын төлөвлөгөө, 2024 оны уулын ажлын тайланг тус системээр хүлээн авахаар болсон билээ. Үүнтэй холбогдуулан тус хэлтсээс системийн шинэчлэгдсэн хувилбарыг танилцуулж, төлөвлөгөө, тайлангийн маягтуудад орсон өөрчлөлт, маягт бөглөх заавар, анхаарах асуудлуудын хүрээнд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгууллаа.



Сургалтад ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэгч 300 гаруй аж ахуйн нэгжийн холбогдох мэргэжилтэн, инженер, техникийн ажилтнууд хамрагдав.


Ашигт малтмал, газрын тосны газар нь эрдэс баялгийн салбарын үр өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай хүргэх зорилгоор цахим засаглалд шилжээд буй. Энэ хүрээнд геологи, уул уурхайн мэдээллийн цахим системийн давхардсан ачааллыг бууруулж, төлөвлөгөө, тайлан оруулах маягт, мэдээллийн системийг илүү хялбаршуулахын зэрэгцээ Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу бүртгэгдсэн газруудын давхцалыг харах, ТЭЗҮ илгээх зэрэг нэмэлт хөгжүүлэлтийг нэвтрүүлээд байна.