Эрхэм хүндэт геологич, эрдэмтэн багш нараа !

Эрхэм зочид оо !

Хатагтай, ноёд оо !

Монгол Улсад геологийн алба үүсч хөгжсөний 76 жил, Үндэсний геологич мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 55 жилийн ойг тохиолдуулан геологийн салбарын нийт хамт олон, үе үеийн багш нар, геологич, геофизикч, гидрогеологич, өрмийн инженерүүд болон бусад инженер-техникийн ажилтнууд, ахмад настнууд, эрдэмтэд, оюутнууд Та бүхэнд Монгол Улсын Засгийн газар, Уул уурхайн яамны хамт олноос болон хувиасаа баярын мэнд хүргье.

Одоогоос 76 жилийн тэртээ 1939 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн хуралдаанаар Аж үйлдвэр ба Барилгын яамны дэргэд “Уурхай ба ашигт малтмалын трест”-ийг байгуулах шийдвэр гаргаж хэрэгжүүлснээр үндэсний геологийн алба байгуулагдан хөгжих анхны эхлэл тавигдсан билээ.

Энэ түүхэн хугацаанд салбарын нэг чухал ололт бол салбарын мэргэжилтэн, мэргэшсэн ажилчиддаа бэлтгэж ирсэн явдал бөгөөд хөгжлийн эхний жилүүдэд үндэсний мэргэжилтнүүдээ одоогийн ОХУ, Герман, Чех, Унгар, Украйн, Польш, Болгар болон бусад орны дээд сургуулиудад сургаж, бэлтгэж байлаа. Харин 1960 оноос МУИС-ийн Байгалийн ухааны факультетийн бүрэлдэхүүнд, улмаар ШУТИС-д геологийн салбарыг нээж дотооддоо геологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлснээс хойш дариу 55 жилийн хугацаа өнгөрсөн байна.

Үндэсний мэргэжилтэн, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэхдээ гадаадын мэргэжилтнийг урин авчирч ажиллуулан сургах, дадлагажуулах ажил хийгдсэн нь үр дүнтэй ажил болсон ба одоо ч хөрөнгө оруулагчдаараа дамжин үр өгөөжөө өгсөөр байна. Салбарын хүний нөөцийг бэлтгэх ажлыг ийнхүү бодлоготой, дэс дараатай хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр үндэсний геологийн салбар хэдэн мянгаар тоологдох дээд боловсролтой мэргэжилтэн, эрдэмтэд, академич, хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, гавьяаттай бие даасан салбар болон хөгжиж байна.

Уул уурхайн яамнаас Монгол Улсын геологи, уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг тогтвортой хангах хүрээнд Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль зэрэг салбарын бодлого, хууль, эрх зүйн баримт бичгийг боловсруулан Засгийн газар, УИХ-аар тус тус хэлэлцүүлэн батлууллаа.

Дээрх бодлогын баримт бичигт салбарын үндэсний хүний нөөцийг бэлтгэхэд онцгой анхаарч, нарийн мэргэжлийн мэргэшсэн инженер, техникийн ажилтнуудыг дотоод, гадаадын зохих шатны сургуулиудад бэлтгэж, чадавхжуулах зорилтын хүрээнд салбарын мэргэжилтнүүдэд мэргэшлийн зэрэг олгох талаар Ашигт малтмалын тухай хуульд тусгуулсан. Ингэснээр Монгол Улсын мэргэшсэн, зөвлөх зэрэгтэй геологич-инженерүүд Олон Улсын хэмжээнд геологи хайгуулын ажил, түүний үр дүнгийн тайланг боловсруулж, ашигт малтмалын ордын нөөцийг тооцоолон гадаад, дотоодын хөрөнгийн биржид хувьцаа гаргах нөхцлийг бүрдүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой болсон.

Уул уурхайн яамнаас эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, мэргэжилтний чадвар, геологийн үйлдвэрлэлийн ажлын чанарыг сайжруулах талд анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Энэ бүхэнд геологийн салбарын бүтээлч хамт олон, эрдэмтэн багш Та бүхний хүчин зүтгэл онцгой чухал юм.

Эрхэм геологич, эрдэмтэн багш нар аа !

Эрхэм зочид оо !

Хатагтай, ноёд оо !

Монгол Улсад Геологийн алба байгуулагдсаны 76 жил, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсэн 55 жилийн хөгжлийн түүхийг бүтээхэд өөрийн ухамсарт амьдрал, бие сэтгэлээ зориулсан геологийн салбарын сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэн багш нар, үе үеийн геологичид, тэдний гэр бүл, зочид Та бүхэндээ дахин баяр хүргэж, цаашдын ажил, амьдралд тань сайн сайхныг хүсэн ерөөе.

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

УУЛ УУРХАЙН САЙД                               Р.ЖИГЖИД