АМГТГ-ын  Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн хамт олон (ЭБМТТ), Австрали Улсын засгийн газраас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй  Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн (АМЕР) тусламжтайгаар боловсруулсан геологийн мэдээллийн каталоги систем “МонГеоКат” нь олон улсын нэр хүнд бүхий Дэлхийн гео-орон зайн форум (Geospatial world forum)-аас шалгаруулдаг “Дэлхийн гео-орон зайн шилдэг бүтээл”-ийн 2018 оны шилдэгээр шалгарлаа.

Энэхүү шагналыг ЭБМТТ-ийн дарга Г.Золсайхан Энэтхэг улсын Хидербад хотноо 2018 оны 1-р сарын 19-ны өдөр хүлээн авлаа.

ЭБМТТ нь геологийн мэдээ, мэдээллийг олон улсын жишигт нийцүүлэн хэрэглэгчэд түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд энэхүү системийг боловсруулсан.  “МонГеоКат” систем нь ЭБМТТ-д байгаа геологийн мэдээллийн хураангуйг хэрэглэгчдэд хүргэх зорилготой бөгөөд Англи, Монгол хэл дээр интернэтэд холбогдсон дурын хэрэглэгч ашиглах боломжтой юм.

Тус системийг Монгол Улсын үндэсний компани “Оюуны Цоморлиг ХХК” академич Д.Амарсайханы удирдлаган дор хөгжүүлсэн.