Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Уул  уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар болон  уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүд хамтран чуулга уулзалтыг улсын  хэмжээнд дөрвөн бүсэд зохион байгуулахаар төлөвлөсөн билээ. Энэ хүрээнд чуулга уулзалтын сүүлчийнх нь болох Уул уурхайн салбарын Баруун бүсийн  чуулган өнөөдөр Ховд аймагт эхэллээ. Баруун бүсийн чуулга уулзалтыг УУХҮЯ, АМГТГ, СЕСМИМ төсөл, MoEnCo корпораци, Баян-Айраг эксплорэйшн ХХК, Хар Тарвагатай ХХК, Хотгор ХХК, Геологи шинжилгээний Алтай нэгдэл ХК  хамтран зохион байгуулж байна.  

Чуулганы үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар,  БОАЖ сайд Н.Цэрэнбат тус яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар, АМГТГ-ын дарга Б.Баатарцогт, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баян-өлгий аймгуудын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, уул уурхайн салбарын төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид,  уурхайчид оролцож байна.

Мөн нээлтийн үйл ажиллагаанд  УУХҮсайд Д.Сумъяабазар, БОАЖ сайд Н.Цэрэнбат нар оролцсон бөгөөд  Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог баяр хүргэн үг хэлж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Баруун бүсийн чуулган нь нэгдсэн болон салбар хуралдаанаар дамжуулан уул уурхайн салбарын цогц асуудлуудыг  хөндөн хэлэлцэж байна.

Нэгдсэн хуралдаанаар УИХ, Засгийн газар, яам, агентлагаас баруун бүс нутагт ойрын ба дунд хугацаанд эрдэс баялгийн салбарт хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зорилго, зорилтын талаар мэдээлэл өгөх, тус бүс нутагт эрдэс баялгийн салбарт тулгуурлан хөгжих боломжийг тодорхойлж, баруун бүсэд үйл ажиллагаа явуулж буй хайгуул, уул уурхайн төслүүд ба бүс нутгийн хөгжлийн асуудлыг хэлэлцлээ.

Нэгдсэн хуралдаанд УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар” Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал” сэдвээр АМГТГ-ын  дарга Б.Баатарцогт “ Хууль тогтоомжийн хэрэгжилт, баруун бүсийн өрсөлдөх чадвар түүнтэй холбоотой асуудлууд” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.

Чуулганы салбар хуралдаанууд нь “Уул уурхайн салбарын эрхзүйн орчин”, “Аймгуудын хөгжлийн зорилт, эрдэс баялаг, уул уурхай”, ”Уул уурхайн салбар ба орон нутгийн хамтын ажиллагаа” гэсэн 3 үндсэн чиглэлээр илтгэл хэлэлцүүлж, мэргэжилтнүүд санал бодлоо илэрхийлж байна.

Баруун бүсийн чуулган нь Бүс нутгийн хэмжээнд эрдэс баялгийн салбарын удирдлага, зохион байгуулалтын чадавхиийг бэхжүүлэх талаар хэлэлцэж бодлогын зөвлөмж гаргана.