УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэн гишүүдийн 89.6 хувийн саналаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон. Тэрээр өнөөдөр /10 сарын 20/ үүрэгт ажилдаа орж, тамгаа хүлээн авлаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хэлэхдээ "Төрийн алба гэдэг ёс зүйтэй, хууль дүрмийн хүрээнд хариуцлагатай ажиллах ёстой чухал алба. Уул уурхай бол Монгол хүн бүрийн амьдралыг тэтгэх чухал салбар. Бид макро эдийн засгийг  тогтвортой түвшинд байлгах, төсөв санхүүгийн бодлоготойгоо зөв уялдуулж, гадны хөрөнгө оруулагчтай зөв бодлогоор харьцах учиртай"-г онцлон тэмдэглэлээ.

Ажлаа хүлээн авсан сайдад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Ц.Дашдорж амжилт хүсэж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам бол улс орныг өнгөтэй өөдтэй авч явах, бодит бололцоог хангах чухал салбар. Тиймээс шинэ сайддаа мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллаарай хэмээн яамныхаа нийт хамт олноос хүссэн юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ажлын гараагаа таван зүйлээс эхэлнэ гэдгээ тодотголоо.

1. Эдийн засаг, үйлдвэрлэлийн тогтолцоог төгөлдөржүүлэх

2. Хариуцлагын тогтолцоог бий болгох

3. Урамшуулалын тогтолцоог бий болгох

4. Даатгалын тогтолцоо /Эрдэс баялаг уул уурхайн салбарт гэнэтийн аваар осол, урт богино зогсолтууд  дээр даатгалын эрсдэл их гардаг/

5. Бодлогын технологийн тогтолцоог нэвтрүүлэх

Эдгээр таван ажлаас үүрэгт ажлаа эхэлж,  хүнд үйлдвэрүүд болох ган бөмбөлөг, зэс хайлуулах үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэр гэх мэт ажлын байрыг нэмэгдүүлэн  эдийн засгийг  дөрөв дахин  тэлэх үйлдвэрүүдэд онцгой ач холбогдол өгч ажиллана гэлээ.