Mining week-2024: Эрчим хүчний ногоон шилжилт, аж үйлдвэржилтийг онцолж байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциациас гурав дахь жилдээ хамтран зохион байгуулж буй “Mining week & Minepro 2024” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга арга хэмжээ Улаанбаатар хот Налайх дүүрэг, Тайж хайрханы бэлд өнөөдөр /2024.10.02/ эхэллээ.
Дөрвөн өдрийн турш үргэлжлэх уг арга хэмжээг нээж, Монгол Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Тэрбээр “Уул уурхайн салбар бол улс орны эдийн засгийн хөдөлгөгч хүч юм. “Mining Week 2024” эрчим хүчний ногоон шилжилт, хариуцлагатай уул уурхай, аж үйлдвэржилт сэдвийн дор үзэсгэлэн, яармагийн хамт зохион байгуулагдаж байгаа нь цаг үеэ олсон арга хэмжээ гэж үзэж байна. Түүнчлэн эрчим хүчний либералчлал хийх чиглэлээр УИХ ажиллаж байна. Аливаа төсөл хэрэгжиж эхлээд тодорхой хугацааны турш амжилттай хэрэгжиж дуусдаг байх хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх ёстой” гэдгийг тодотгов.
“Mining Week 2024” эхний өдрийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа болон УИХ-ын зарим гишүүд, Монгол Улсад суугаа Элчин сайдуудын төлөөлөл ирж оролцлоо. Мөн уул уурхай, газрын тосны салбарын томоохон аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгчид оролцов.
Энэ өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт төрөөс баримталж буй бодлогыг танилцуулахдаа Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан салбарт хамаарах зургаан мега төслийг зэс хайлуулах үйлдвэрээс эхлүүлэн, хэрэгжүүлэхээр зорьж буйгаа мэдэгдлээ. Мөн энэ үеэр геологи, хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлж, нөөцийг нэмэгдүүлэхээс гадна түүхий эд бүтээгдэхүүнийг гүн боловсруулах чиглэл барьж, хүнд үйлдвэрүүдийг төр хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар дэмжиж, аж үйлдвэржилтийг эрчимжүүлнэ хэмээгээд ойрын хугацаанд газрын тосны зургаан талбайд хайгуулын ажлыг зарлана гэдэг мэдээллийг оролцогчдод өгсөн юм.
Үргэлжлүүлэн зочин илтгэгчид эрдэс баялгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлага, чухал ашигт малтмал, хариуцлагатай уул уурхай, байгаль орчны асуудал болон хөрөнгө оруулалтын боломжийн талаар илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлснээр эхний өдрийн арга хэмжээ өндөрлөлөө.
Энэ жилийн “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээ дэлхийн эрдэс баялгийн салбарын шинэ чиг хандлагууд болох эрчим хүчний ногоон шилжилт, чухал ашигт малтмалын эрэлт, хэрэгцээ болон манай улсын уул уурхайн салбарын өсөлт, шинэ төслүүдийн эрэлтэд тулгуурлан “MinePro” үзэсгэлэн экспогоор өргөжиж буйгаараа онцлог юм. Тус үзэсгэлэнд Монгол, Их Британи, Канад, Солонгос, Япон, Казакстан, БНХАУ зэрэг Франц, Чех зэрэг 10 гаруй улсын эрдэс баялгийн салбарын 250 гаруй ханган нийлүүлэгч, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчид оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж байна.
Маргааш буюу 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн арга хэмжээ хоёр танхимд хуваагдан явагдах ба “Хамтын чуулган танхим”-д худалдан авах ажиллагааны шинэ чиг хандлага, стратеги, ил тод байдал, ханган нийлүүлэлт, орон нутгийн нөлөө, сорилт боломжуудын хүрээнд илтгэл хэлэлцүүлгүүд явагдах бол “Санаачлага танхим”-д Монголын геологийн судалгаа, хайгуулын тогтвортой хөгжил, бодлого хийгээд чухал ашигт малтмалын эрэлт нийлүүлэлт, ирээдүйн чиг хандлагын талаар илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөнө.