Ашигт малтмал, газрын тосны газраас Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран гамшгийн эрсдэл, аюул ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулж, ажилтан албан хаагчдаа хамруулав.

Сургалтын үеэр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахлах дэслэгч Ч.Мөнгөнсарнай “Дэлхий дахинд болон Монгол орны хэмжээнд жил ирэх тусам байгалийн аюулт үзэгдэл, үерийн гамшиг, газар хөдлөлтийн давтамж нэмэгдсээр байгаа. Улаанбаатар хотын хувьд авч үзэхэд, хүн амын нягтрал их, барилгын норм, дүрэм, стандарт хангалтгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй шавран болон бетонон байшин, оффис барилга, засгийн газрын барилга, байгууламж зонхилсон байдал нь эрсдэл өндөртэйд тооцогддог. Тиймээс гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэхийн тулд Монгол улс Гамшгаас хамгаалах тухай хуулийн /2020/ 7.1 дэх хэсэгт “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд нь өмчийн хэлбэрийг үл харгалзан гамшгийн эрсдэлийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийнэ”, 34.2.1 дэх хэсэгт “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх” гэж хуульчилж өгсөн байдаг. Мөн аж ахуйн нэгж бүр ажилтан, албан хаагчдадаа аливаа гамшиг, аюул ослоос өөрийгөө болон өрөөлийг хамгаалах мэдлэг ойлголт эзэмшүүлж, чадавхжуулах нь үүсч болох эрсдэл, гарз хохирлоос урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой” гэдгийг тодотгосон юм. Тэрээр энэ удаагийн сургалтаар байгалийн гамшгийн нөхцөл байдал, эрсдэл, болзошгүй аюул осол тулгарсан үед хэрхэн арга хэмжээ авах тухай ерөнхий мэдлэг, ойлголтыг өгөв.

Ашигт малтмал, газрын тосны газрын хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлийг бууруулах, гамшиг, осол, аюулт үзэгдэл тохиолдсон үед учирч болзошгүй хор хөнөөлийг багасгах зорилгоор гамшгаас хамгаалах төлөвлөгөөг батлан, хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд дээрх сургалтыг зохион байгуулсан ба цаашид ажилтан, албан хаагч бүрд гал түймэр, газар хөдлөлт зэрэг гамшгийн үед авран хамгаалах, аюул, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал олгохоор төлөвлөөд байна.