Монгол Улсын Геологийн Мэдээллийн Каталоги системийг (МонГеоКат) хөгжүүллээ
Өнөөдөр Монгол Улсын Геологийн Мэдээллийн Каталоги системийг Австрали улсаас тус улсад хэрэгжүүлж буй АМЕР төслийн удирдагч, мэргэжилтнүүд АМГТГ-т хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээнд УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, АМГТГ-ын дарга Б.Баатарцогт болон Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Жон Ландтрая зэрэг албаны бусад хүмүүс болон 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
АМГТГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан геологийн мэдээ, мэдээллийг олон улсын жишигт нийцүүлэн, хэрэглэгчдэд түргэн шуурхай, бодитоор хүргэх зорилтын хүрээнд Монгол Улсын Геологийн Мэдээллийн Каталоги (МонГеоКат) системийг 2017 оны 4 дүгээр улирлаас эхлэн ашиглах гэж байна.
МонГеоКат системийг Австрали Улсын Засгийн Газраас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй Австрали - Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (AMEP)-ийн тусламжтайгаар “Оюуны цоморлиг импекс” ХХК хөгжүүлсэн.
Англи, Монгол хэл дээрхи энэхүү системийг интернетэд холбогдсон дурын хэрэглэгч дараах цахим хуудсанд хандан ашиглах боломжтой боллоо.
АМГТГ