“Mongolian mining week 2023” чуулган болно
Эрдэс баялгийн салбарын хамгийн том чуулган “Mongolian Mining week 2023” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээ ирэх аравдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
Тус чуулганыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран Хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Өнгөрөгч онд Монгол Улсад анх удаа эрдэс баялгийн салбарын бүх түвшний оролцогчид салбарын хөгжлийн асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, Монгол Улсын Засгийн газрын бодлогод хүч нэмэх, хөшүүрэг болох боломжуудыг эрэлхийлэх зорилгоор нэг дээвэр дор тав хоногийн турш чуулсан билээ.
Арга хэмжээний үр дүнд салбарын өрсөлдөх чадварыг тодорхойлох, дэлхий нийтийн чиг хандлага, зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төрөөс баримталж буй бодлого шийдвэрт иргэд, олон нийтийн оролцоог хангаж, хамтарсан шийдлийг эрэлхийлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг сэргээх, хууль, эрх зүйн шинэчлэлийг хурдасгах гээд салбарт тулгамдаж буй олон асуудлыг шат шатны байгууллагуудын оролцоотойгоор нээлттэй хэлэлцэж, цаашдын чиглэлээ тодорхойлсон юм.
Салбар яамны зүгээс хариуцлагатай уул уурхайг дэмжих, хууль дээдэлдэг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаалах, хувийн хэвшилд боломж, итгэл өгч хариуцлагыг өндөржүүлэн хамтран ажиллах, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын арга хэмжээгээ чиглүүлэн ажиллаж байна.
“Mongolian Mining week 2023” арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” хөгжлийн баримт бичиг, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан салбарын бодлогын шинэчлэлийн ажлууд, хөрөнгө оруулалтын орчны шинэтгэл зэрэг сэдвээр өргөн хүрээнд хэлэлцэх юм.
Чуулга уулзалтын хөтөлбөр, явцын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.miningweek.mn сайтаас хүлээн авна уу.