Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, Коронавируст халдвар /КОВИД-19/-т цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн “Шинэ сэргэлтийн бодлого” Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан.

Тус газраас энэ бодлогыг хэрэгжүүлж, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх үүднээс салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа журам, заавар зэрэг эрх зүйн зохицуулалтыг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түргэн шуурхай явуулахад чиглүүлэн боловсруулж байна.

АМГТГ-ын даргын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/52 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар “Ашигт малтмалын орд ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг хянах, танилцах, санал дүгнэлт боловсруулах дотоод заавар”-ыг баталлаа.

Төсөл боловсруулагчаас ирүүлсэн техник, эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар орохоос өмнө танилцаж, холбогдох засварыг хийлгэхэд 2019 онд 4-5 мэргэжилтэн 32 өдөр, 2020 онд 5-6 мэргэжилтэн 58 өдөр, 2021 онд 8 мэргэжилтэн 51 өдөр, 2022 оны 3 сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд 8 мэргэжилтэн 24 өдрийг зарцуулдаг байсан. 2022 оны 3 сарын 14-ний өдрөөс Нөөцийн хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн холбогдох засварыг хийлгэж, бусад 7 мэргэжилтэн засвар хийлгэхгүйгээр санал дүгнэлтээ хяналтын хуудаст бичдэг болсноор техник, эдийн засгийн үндэслэлтэй танилцаж, төсөл боловсруулагчаар засвар хийлгэх хугацаа 13 өдөр болж буурсан.

Дотоод зааварт техник, эдийн засгийн үндэслэлтэй нийт 5 мэргэжилтэн танилцаж, Нөөцийн хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн геологийн нөөцийн тулгалт, үйлдвэрлэлийн нөөцийн тооцооллын асуудлаар алдаа гарсан тохиолдолд засвар хийлгэх бөгөөд бусад мэргэжилтнүүд засварт буцаалгүйгээр холбогдох санал дүгнэлтээ хяналтын хуудаст тэмдэглэхээр тусгасан. Энэхүү заавар батлагдсанаар техник, эдийн засгийн үндэслэлтэй төрийн захиргааны байгууллага танилцах төрийн үйлчилгээний хугацаа багасаж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг болно гэсэн хүлээлттэй байна.

Батлагдсан дотоод заавартай цахим хуудасны Хууль, эрх зүй булангийн Дүрэм, журмын хэсгээс танилцах, татан авах боломжтой.

 

УУЛ УУРХАЙ, СУДАЛГААНЫ ХЭЛТЭС

 

2022.05.06