Шатахууны ердийн хэрэглээний 40 хоногийн нөөцтэй байна
2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 40 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 75, Аи-92 автобензин 37, дизелийн түлш 39, ТС-1 онгоцны түлш 13 хоногийн нөөцтэй байна.
Жижиглэнгийн үнийн өөрчлөлтийг орон нутаг дахь төлөөлөгчид болон "Магнай трейд" ХХК-иас ирүүлсэн мэдээг үндэслэсэн бөгөөд мэдээнээс харахад 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар Баруун бүсийн А-80, Аи-92 автобензин 50 төгрөгөөр, Хангайн бүсийн Булган аймгаас бусад аймагт А-80, Аи-92 автобензин 50 төгрөг, Төвийн бүсийн Аи-92 автобензин 50 төгрөг, Дундговь, Өмнөговь аймгаас бусад аймагт А-80 автобензин 50 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.
Улаанбаатар хот дахь зарим компаниудын жижиглэнгийн үнийн судалгаанаас харахад "Шунхлай"ХХК, "Сод Монгол" ХХК, "Магнай трейд" ХХК, "Петровис" ХХК -ийн А-80, Аи-92 автобензин тус бүр 50 төгрөгөөр өссөн байна. Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 267.9-332.03 ам.доллар буюу баррель нь 36.9-43.7 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна.