Монгол Улсын эдийн засгийн суурь, хөгжлийн үндэс болсон Газрын тосны салбарын түүхт 76 жилийн ойн баярын мэндийг салбарын хамт олон, газрын тосны инженер техникийн ажилтнууд, эрдэмтэд, судлаачид салбарын он цагийн түүхийг бичилцсэн ахмадуудаа, одоо түүхийг хамтран бүтээж яваа нийт ажиллагсдаа хүргэж сайн  сайхан бүхнийг  хүсэн ерөөе

Газрын тосны хайгуул, судалгааны ажил монгол оронд өрнөж эхэлсэн 1941 оноос хойш газрын тосны үндэсний байгууллага буй болж эдүгээ 76 жилийн ойтойгоо золгож байна. Өнөөдрийн байдлаар Монгол орны нутаг дэвсгэрт газрын тосны хайгуулын 25 талбайд 21 компани  Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуулын үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол Улс 2010 онд Дорнод аймгийн нутагт орших Тосон-Уул XIX талбайн газрын тосны нөөцийг тогтоож, газрын тос олборлогч орон болсоноо дэлхий нийтэд зарлан тунхагласан билээ. Газрын тосны ордын ашиглалтыг эрчимжүүлж, дэд бүтэц, бүтээн байгуулалтын асуудлыг шийдвэрлэн ажилласны үр дүнд газрын тосны олборлолт жил бүр өсөн нэмэгдэж, 2016 онд 1 сая тонн газрын тос олборлож, олборлогч орон болохоо дахин баталсан билээ.

2017 онд Монгол Улсын хэмжээнд 1,1 сая тонн газрын тос олборлож, экспортлон газрын тосны орлогоос нийт 233,5 тэрбум төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлэхээр ажиллаж байна. Энэ нь газрын тосны салбар Монгол Улсын эдийн засгийн хөгжилд томоохон байр суурь эзэлж байгаагийн тод илрэл юм.

Монгол Улс 1923 оноос газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж эхэлсэн бөгөөд.өнгөрсөн онд манай улс 1,2 сая тонн шатахуун хэрэглэжээ.  Жил бүр өсөн нэмэгдэж байгаа шатахууны хэрэгцээг газрын тосны бүтээгдэхүүн импортлогч “НИК” ХХК, “Шунхлай” ХХК “Сод Монгол” ХХК, “Магнай трейд” ХХК, “М ойл” ХХК, Петровис  ХХК зэрэг  үндэсний 15 компани хангамжийн сүлжээгээрээ дамжуулан аймаг, сум, орон нутагт түгээж, Монгол орныг газрын тосны бүтээгдэхүүнээр найдвартай тасралтгүй хангаж байна. 

Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн үр дүнд газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт  Газрын тос боловсруулах  үйлдвэрийг барихаар шийдвэрлэсэн  нь  газрын тосны салбарын түүхэнд шинэ хуудас эхлүүлсэн түүхэн үйл явдал боллоо.

Эдгээр нь монголчууд бид газрын тосны салбарт хэдийнээ дадлагажин, мэргэшиж, олон инженер, техникийн ажилтан, албан хаагчидтай болж, энэ салбарыг жил ирэх бүр хөгжүүлэн дэлгэрүүлэх чадамжтай болсны баталгаа юм.

Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын гол хөдөлгөгч хүч болсон эрхэм газрын тосны салбарынхан  та бүхэндээ дахин баяр хүргэж, ажлын амжилт хүсье!