Дизелийн түлш 160 төгрөг, АИ-95 автобенкин 200 төгрөг, АИ-92 автобензин 80-100 төгрөгөөр буурлаа

Өнөөдөр АМГТГ-аас шатахууны үнийн бууралтын талаар мэдээлэл хийлээ.

Шатахууны жижиглэн борлуулалтын үнийн талаар:

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай уялдан шатахууны импортын хил үнэ 2020 оны 1 сард хамгийн оргил үе буюу 630-646 ам.доллар/тн байсан бол 2020 оны 5 дугаар сард шатахууны хил үнэ  өмнөх сартай харьцуулахад 98-158 ам.доллараар буурсан байна.

ОХУ-ын “Роснефть” компаниас манай улсад нийлүүлж буй хил үнэ буурсантай холбогдуулан шатахууны худалдаа эрхлэгч компаниуд 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн А-80 автобензин 30 төгрөгөөр, Аи-92 автобензин 45-95 төгрөгөөр, дизелийн түлш 0-120 төгрөгөөр, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс А-80 автобензин 300 төгрөгөөр, Аи-92 автобензин 300 төгрөгөөр, дизелийн түлш 190-310 төгрөгөөр, 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс А-80 автобензин 50 төгрөгөөр, Аи-92 автобензин 80-100 төгрөгөөр, Аи-95 автобензин 200 төгрөгөөр, дизелийн түлш 160 төгрөг буюу нийт дүнгээр А-80 автобензин 380 төгрөг, Аи-92 автобензин 475 төгрөг, Аи-95 автобензин 440 төгрөг, дизелийн түлш 590 төгрөгөөр тус тус буурч өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт жижиглэнгийн борлуулалтын дундаж үнэ: А-80 автобензин-1350 төгрөг, Аи-92 автобензин - 1360 төгрөг, Аи-95 автобензин 1800 төгрөг, дизелийн түлш - 1990 төгрөг байна.

Дэлхийн газрын тосны үнийн талаар:

2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн арилжаагаар “Брент” төрлийн газрын тосны үнэ 35,77 ам.доллар/баррель ханштайгаар худалдаалагдаж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад 17,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

2020 он гарсаар газрын тосны үнэ 50 гаруй хувиар унасан нь дэлхий дахинд “COVID-19”-ийн цар тахалтай холбоотой хөл хорио, хилийн хориг зэрэг байдлаас үүдэн газрын тосны эрэлт буурахад нөлөөлсөн. 2020 оны 4 дүгээр  сард ОПЕК+ орнууд өдрийн олборлолтоо 2020 оны 5-р сарын 01 өдрөөс эхлэн 11 гаруй сая баррелиар бууруулах шийдвэр гаргасан болон зарим томоохон улс орнууд хоригийн горимоо цуцалсан нь  “Брент” төрлийн газрын тосны үнэ өсөхөд нөлөөлөв.

Шатахууны импортын талаар:

Улсын хэмжээнд 2020.01.01-2020.05.19-ний хугацаанд нийт 355,5 мянга гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлогдсон байна.

Шатахууны нөөц, үлдэгдлийн талаар:
Монгол улсын Засгийн газрын 2019 оны 409 дүгээр тогтоолын дагуу шатахуун импортлогч 22 аж ахуйн нэгжүүд 133,0 мянган тонны хэмжээний газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг бүрдүүлж байна. 
2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 61, Аи-92 автобензин 33, дизелийн түлш 40, ТС-1 онгоцны түлш 8 хоногийн нөөцтэй байна.