Ц.ЭРДЭНЭБАЯР: Шатахуун 40 хоногийн нөөцтэй байна
АМГТГ-ын газрын тосны салбар хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр шатахууны талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Иргэдийн хамгийн их хэрэглэдэг АИ92 бензин тонн тутамдаа 58 долларт бууж орж ирсэн байгаа. Литрийн үнийг нэгж үнэд шилжүүлэхэд нэг литр дээр 120-130 төгрөгийн бууралт ажиглагдана. Гэвч долларын ханшийн зөрүүг өнгөрсөн жилийнхтэй тооцоход 80 орчим төгрөгийн зөрүү шууд тусаж байгаа. Тэгэхээр үлдсэн 40-50 төгрөгийн үнийн зөрүүг бид буулгана. Тодорхой хэмжээний 3 сарын бүтээгдэхүүн дээр үнийн бууралт хийнэ. Ямар ч байсан 1830 гэдэг үнэ 30-40 төгрөгөөр буурах нөхцөл байдал үүснэ гэсэн үг. Мөн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн хүрээнд УОК-оос өгсөн чиглэлийн дагуу өнөөдөр орон нутгийн тээвэрлэлтийг хязгаарласан байна.
УУХҮ-сайд Д.Сумъяабазарын өгсөн чиглэлийн дагуу УОК-той холбогдож бид бүхэн ажиллаж байна. Авто бензин бүтээгдэхүүн ямар нэгэн саадгүйгээр орон нутагт тээвэрлэлт хийгдэнэ. Ямар нэгэн хориг сааданд орохгүй” гэв.
Улсын хэмжээнд өнөөдөр буюу 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар дунджаар ердийн хэрэглээний 40 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс:
• А-80 автобензин 91 хоногийн нөөц ;
• Аи-92 автобензин 33 хоногийн нөөц;
• Дизелийн түлш 39 хоногийн нөөц;
• ТС-1 онгоцны түлш 17 хоногийн нөөцтэй байна.
Жижиглэнгийн үнийн өөрчлөлтийг орон нутаг дахь төлөөлөгчид болон "Магнай трейд" ХХК-иас ирүүлсэн мэдээг үндэслэсэн бөгөөд мэдээнээс харахад 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үнэд өөрчлөлт ороогүй юм.
Бөөний үнийн хувьд Улаанбаатар хот дахь "Магнай трейд" ХХК-ийн дизелийн түлш 60 төгрөг, "НИК" ХХК-ийн Аи-92 автобензин 40 төгрөг, дизелийн түлш 20 төгрөг, "Ай Си Ай Си" ХХК-ийн А-80 автобензин 110 төгрөг, Аи-92 автобензин 150 төгрөг, дизелийн түлш 100 төгрөгөөр тус тус буурсан бол Баян-Өлгий аймагт дизелийн түлш 100 төгрөг, Увс аймагт А-80 автобензин 50 төгрөг, Аи-92 автобензин 50 төгрөг, дизелийн түлш 50 төгрөгөөр тус тус буурсан үзүүлэлттэй байна.