“Уул уурхайн олборлолт боловсруулалтаас үүсэх хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах журам”-ын төсөлд санал авах тухай
Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны А/35 дугаар тушаалаар “УУЛ УУРХАЙН ОЛБОРЛОЛТ БОЛОВСРУУЛАЛТААС ҮҮСЭХ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ, УСТГАХ ЖУРАМ”-ын төслийг боловсруулах, батлуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд журмын төслийн анхны хувилбарыг боловсруулаад байна.
Журмын төсөлтэй танилцан холбогдох санал, хүсэлтээ доорх хаягаар ирүүлнэ үү.
Цахим шуудангаар: khorolsuren@mrpam.gov.mn
Төсөл
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны .... дугаар сарын .... өдрийн ... дугаар тушаалын хавсралт
УУЛ УУРХАЙН ОЛБОРЛОЛТ, БОЛОВСРУУЛАЛТААС ҮҮСЭХ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ,
СЭРГЭЭН АШИГЛАХ, УСТГАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах үйл ажиллагаа эрхлэх, бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлэх болон эдгээр үйл ажиллагаанаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хүрээлэн буй орчныг хамгаалахад энэхүү журмын зорилго оршино.
1.2. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах болон бүртгэх, тайлагнах үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Хог хаягдлын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Агаарын тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Усны тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, холбогдох бусад хууль, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан дүрэм, журам болон энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.3. Цацраг идэвхт хог хаягдлыг цуглуулах, савлах, түр байршуулах, тээвэрлэх, устгах, дахин боловсруулах, хадгалахтай холбогдсон үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулахгүй.
Хоёр. Хаягдлын төрөл, ангилал, зэрэглэл
2.1. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлахтай холбогдсон үйл ажиллагааг дараах байдлаар кодчилж[1], ангилж, зэрэглэнэ.
2.1.1. Хаягдлын код
2.1.1.1. Хаягдлыг эх үүсвэр, төрлөөр нь ангилж кодчилох ба код нь 6 цифрээс бүрдэнэ.
2.1.1.2. Эхний 2 цифр нь хаягдлын бүлгийг тэмдэглэнэ. Жишээ нь: 13 - Хаягдал тос ба шингэн түлш.
2.1.1.3. Дараагийн 2 цифр нь хаягдлын дэд бүлгийг заана. Жишээ нь: 13 01 - Гидравлик тосны хаягдал.
2.1.1.4. Сүүлийн 2 цифр нь тухайн дэд бүлгээс үүсэх хаягдлын төрлийг заана. Жишээ нь: 13 01 04 - Хлор агуулсан эрдсийн гидравлик тос.
2.1.1.5. “99”-ээр төгссөн кодтой “Тусгайлан заагдаагүй бусад хаягдал”-д тухайн дэд бүлгийн жагсаалт болон 13, 14, 15, 16 дугаар бүлгийн жагсаалтад ороогүй бусад хог хаягдал орно.
2.1.2. Хаягдлын ангилал
2.1.2.1.Уурхайн олборлолтын хаягдал
2.1.2.1.1.Уурхайн хоосон чулуулгийн овоолго
Уул уурхайн олборлолтоос үүсэх хоосон чулуулгын овоолгыг уурхай хаагдах үед ухашыг дүүргэх, нөхөн сэргээлтэд ашиглах ба үлдсэн хоосон чулуулгыг хэвгийжүүлэх маягаар техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийнэ. Энэхүү нөхөн сэргээх ажлыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.4-д заасан журам, аргачлалын дагуу хийж гүйцэтгэнэ.
2.1.2.1.2.Бага агуулгатай хүдрийн овоолго
Олборлолтын явцад ашиглах боломжгүй нөөцийг ирээдүйд ашиглах боломжтой байхаар овоолго үүсгэж, уурхайн эдэлбэр газарт үлдээж, хүдрийг баяжуулах явцад гарах завсрын бүтээгдэхүүн, хаягдлыг дахин ашиглах зорилгоор овоолго үүсгэн хадгална. Бага агуулгатай хүдрийн овоолгыг ашиглахдаа Засгийн газраас баталсан “Үүсмэл орд ашиглах үйл ажиллагаанд тавих шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам”-ын дагуу гүйцэтгэнэ.
2.1.2.2. Уурхайн баяжуулалтын хаягдал
Ашигт малтмалын баяжуулалтаас гарах хаягдлыг химийн бодистой болон химийн бодисгүй гэх ба химийн бодистой хаягдлыг саармагжуулж хоргүйжүүлсний дараа хаягдлын даланд булшлах арга хэмжээ авна. Үүний дараа техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийнэ. Энэхүү нөхөн сэргээх ажлыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.4-д заасан журам, аргачлалын дагуу хийж гүйцэтгэнэ.
2.1.2.3. Уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалтын хаягдал
2.1.2.3.1.Гидрометаллургийн боловсруулалтын хаягдал
2.1.2.3.2.Пирометаллургийн боловсруулалтын хаягдал
2.1.2.3.3.Нүүрсний пиролизийн боловсруулалтын хаягдал
2.1.2.3.4.Гидрометаллурги, пирометаллурги болон нүүрсний пиролизийн боловсруулалтын хаягдалтай холбоотой харилцааг Засгийн газраас баталсан Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах, болон бүртгэх, тайлагнах журмаар зохицуулна.
2.1.2.3.5.Химийн аргын боловсруулалтын хаягдал
2.1.2.3.6.Химийн аргын боловсруулалтын хаягдлыг хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгахтай холбоотой харилцааг Монгол Улсын шадар сайд, байгаль орчин аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам болон Монгол Улсын Засгийн газраас баталсан Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журмаар тус тус зохицуулна.
2.1.2.4. Газрын тосны хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагааны үед ялгарах хаягдал
2.1.2.4.1. Газрын тосны хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагааны үед ялгарах хаягдлыг хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгахтай холбоотой харилцааг Газрын тосны тухай хуульд заасан тусгайлсан журам болон Газрын тосны орд ашиглалтын технологийн үйл ажиллагаанаас үүссэн хаягдлыг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах аргачлал, стандартаар зохицуулна.
2.1.2.5. Газрын тосны боловсруулалт болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хаягдал
2.1.2.5.1. Газрын тосны боловсруулалт болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас ялгарах хаягдалтай холбоотой харилцааг Монгол Улсын шадар сайд, байгаль орчин аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам болон Монгол Улсын Засгийн газраас баталсан Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах, болон бүртгэх, тайлагнах журмаар тус тус зохицуулна.
2.1.2.6. Уул уурхайн олборлолт, боловсруулалтаас үүсэх хог хаягдлаас бусад энгийн хог хаягдалтай холбоотой харилцааг Хог хаягдлын тухай хуулийн 9.1.3-т заасан журмаар зохицуулна.
2.1.3. Хаягдлын аюулын зэрэглэл
2.1.3.1. Хаягдлыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх аюулын шинж чанараар нь Монгол Улсын Засгийн газраас баталсан “Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах, болон бүртгэх, тайлагнах журам”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар баталсан “Эх үүсвэрээс гарах хог хаягдлын кодчилсон жагсаалт, тэдгээрийн зэрэглэл”-ийн жагсаалтын дагуу “аюултай”, “хяналттай” болон “энгийн” гэж зэрэглэнэ.
Хоёр. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдлыг түр хадгалах
2.1. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдлыг аюултай хог хаягдал гэж үзвэл Хог хаягдлын тухай хуулийн 23.1-д заасан хугацаанд эх үүсвэр дээр түр хадгална.
2.2. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдал үүсгэгч болон өмчлөгч нь дараах шаардлагыг хангасан байна:
2.2.1. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдлыг ангилан ялгасан байх;
2.2.2. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас аюултай ангиллын хаягдал гарвал түүнийг агуулах сав нь агуулж буй хог хаягдалтайгаа урвалд ордоггүй материалаар хийгдсэн, эсхүл ийм материалаар доторлосон байх;
2.2.3. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдал нь аюултай хог хаягдлын ангилалд хамаарахаар байвал хадгалах сав нэг бүр нь “Аюултай хог хаягдал” гэсэн нэр, стандартаар тогтоосон тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд ил харагдахуйц газар тухайн хаягдлын нэр, хуримтлуулж эхэлсэн хугацааг тэмдэглэсэн байх;
2.2.4.Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдлын аюулын шинж чанар болон аюултай шинж чанар үзүүлэгч бүрэлдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораториор тодорхойлуулсан байх;
2.2.5.Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдлын орчимд гал унтраах хэрэгсэл, галын дохиолол, аюултай хог хаягдал асгарч алдагдсан үед ашиглах материал, хувийн хамгаалах хэрэгслийг шаардлагатай газар байрлуулж, ашиглалтын бэлэн байдлыг хангасан байх;
2.2.6.Шаардлагатай газруудад дараах мэдээллийг нүдэнд харагдахуйц газар байрлуулсан байна:
2.2.6.1.Хог хаягдлын тухай хуулийн 23.7 дахь заалтын дагуу томилогдсон ажилтны овог нэр, утасны дугаар;
2.2.6.2.Гал унтраах хэрэгсэл, галын дохиолол, аюултай хог хаягдал асгарч алдагдсан үед ашиглах материалын байрлалыг заасан зураг, схем;
2.2.6.3.галын дуудлага өгөх утасны дугаар.
2.3. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас хаягдал үүсгэгч аж ахуйн нэгж, этгээд нь Хог хаягдлын тухай хуульд зааснаас гадна дараах үүргийг хүлээнэ:
2.3.1. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнд хяналт тавих;
2.3.2.Үүссэн хаягдлын хэмжээг бууруулах, эргүүлэн ашиглах, хоргүйжүүлэх, хамгаалалтын далан байгуулах, устгах замаар байгаль орчинд ялгарах ялгарал, бохирдуулагчийн хэмжээг бууруулах;
2.3.3.Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруултаас үүссэн хог хаягдлаа өөрийн хүчээр устгах болон дахин боловсруулах боломжгүй тохиолдолд хаягдал цуглуулах, тээвэрлэх, устгах, дахин боловсруулах, экспортлох зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлэх;
2.3.4.Хэвийн үйл ажиллагааны үед уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хог хаягдалтай харьцах болон гэнэтийн аюул ослын үед ажиллах зааварчилгааг түүнтэй харьцдаг ажилтан бүрээр боловсруулж, тэднийг сургаж, дадлагажуулах;
2.3.5.Анх шатны тусламж үзүүлэх зааварчилгаа боловсруулж, шаардлагатай материал, хэрэгслээр хангах;
2.3.6.Иргэдэд уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүсэх аюултай хог хаягдлын тухай ойлголт болон аюултай хог хаягдалд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай үнэн зөв мэдээлэл түгээх, бодит бус мэдээллийн эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх;
2.3.7.Уул уурхайн олборлолт, боловсруулалтаас үүсэх хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгахад шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусган баталж, хэрэгжүүлэх.
2.4. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруултаас үүссэн хаягдлыг хадгалах;
2.4.1.Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хог хаягдлыг хадгалахдаа \Хог хаягдлын тухай хуулийн 23.1, 23.2-д зааснаас бусад тохиолдолд\ Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоолын Хавсралт 1-ийн 4 дүгээр зүйлийг баримтлана.
2.4.2.Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруултаас үүссэн хаягдлыг байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөлгүйгээр хадгалах, дахин боловсруулах, устгах, экспортлох, эсхүл эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлэх.
2.5. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдал хариуцсан ажилтан нь аюул осол гарсан, аюултай хог хаягдал асгарсан, алдагдсан тохиолдолд дараах арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авна:
2.5.1.галын дуудлага өгөх, гал тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, боломжтой бол унтраагуур, хэрэгсэл ашиглаж галыг унтраах;
2.5.2.асгарсан аюултай хог хаягдлын асгаралтыг зогсоох, тархалтаас сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авах, бохирдсон материал, хөрсийг цэвэрлэх;
2.5.3.хүний эрүүл мэндэд аюул учруулахуйц галын аюул, дэлбэрэлт, асгаралт үүссэн, гадаргын усыг бохирдуулсан тохиолдолд тухайн орон нутгийн онцгой байдлын болон мэргэжлийн хяналтын байгууллагад яаралтай мэдэгдэж, дараах мэдээллийг өгнө:
2.5.3.а.аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, бүртгэлийн дугаар;
2.5.3.б.аюул ослын төрөл (галын аюул, асгаралт гэх мэт), огноо, цаг хугацаа;
2.5.3.в.аюулд өртсөн хог хаягдлын төрөл, тоо хэмжээ;
2.5.3.г.үүссэн аюултай нөхцөл байдал болон үүсэж болзошгүй нөхцөл
байдлын талаарх мэдээлэл;
2.5.3.д.шаардагдах материал болон түүний хэмжээ.
2.6. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтын хаягдал үүсгэгч нь үүссэн болон хуримтлагдсан хаягдлын хэмжээний талаар бүртгэл хөтлөнө.
2.7. Хэрэв аюултай хог хаягдлын ангилалд багтаж байвал хаягдлын бүртгэлийг аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах, экспортлох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллагад шилжүүлснээр дуусгавар болгож, дахин эхлэх үед бүртгэлийг шинээр хөтөлж эхэлнэ.
2.8. Үүсгэгч болон өмчлөгч нь шүүрлийн шингэн цуглуулах системд хуримтлагдсан шингэнийг хамгийн багадаа 90 хоногт 1 удаа цэвэрлэж, энэ тухай бүртгэл хөтлөх бөгөөд үүссэн хаягдлыг устгах зөвшөөрөл бүхий байгууллагад шилжүүлнэ.
Гурав. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн аюултай хог хаягдлыг тээвэрлэх
3.1. Аюултай хог хаягдлыг тээврийн хэрэгсэлд ачиж, буулгахад дараах шаардлагыг мөрдөнө:
3.1.1.Тээвэрлэлтийн явцад аюултай хог хаягдал унаж, асгарч, алдагдахгүй байхаар хөдөлгөөнгүй, жигд тархалттайгаар байршуулж тээвэрлэх;
3.1.2.Том овортой сав, баглаа боодолтой аюултай хог хаягдлыг тээврийн хэрэгсэлтэй бат бөх бэхлэх, шингэн бодисын хувьд савалгааны дүүргэлтийг хазайх, тойрох үед тэнцвэр нь хадгалагдаж байхаар тохируулах;
3.1.3. аюултай хог хаягдалтай савны амыг дээш харуулж байрлуулах.
3.2. Аюултай хог хаягдлыг тээвэрлэхэд дараах шаардлагыг мөрдөнө:
3.2.1.авто тээврийн хэрэгслээр зөвхөн өдрийн цагаар тээвэрлэх;
3.2.2.авто тээврийн хэрэгслийн хурдыг 50 км/цаг-аас хэтрүүлэхгүй байх;
3.2.3.цуваагаар явах тохиолдолд тээврийн хэрэгсэл хоорондын зайг хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уулын замд 300 метрээс багагүй, бусад замд 50 метрээс багагүй байхаар хурдыг сонгож явах.
3.3. Аюултай хог хаягдлыг тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавигдах ерөнхий шаардлагын стандартыг хангасан, стандартаар тогтоосон тэмдэг, тэмдэглэгээтэй, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.
3.4. Аюултай хог хаягдал тээвэрлэх тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхтэй, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан байна.
3.5. Тээвэрлэгч нь тээврийн хэрэгслийг аюултай хог хаягдал асгарах, алдагдах үед ашиглах багаж хэрэгсэл, материалаар хангах бөгөөд тээврийн хэрэгслийн жолооч нь тэдгээрийг ашиглах сургалтад хамрагдаж, зохих дадал эзэмшсэн байна.
Дөрөв. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа
- 1. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдал хадгалах, устгах байгууламж (талбай)-ийг дараахь байршилд байгуулахыг хориглоно:
-
- усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд;
- хүн амын унд, ахуйн усан хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн дотор;
- хүн амын унд, ахуйн ус хангамжийн эх үүсвэр болон гадаргын уснаас 2 /хоёр/ километрээс бага зайд;
- үерийн усны урсац дайран өнгөрөх зам, талбайд;
- ус, намгархаг газарт;
- ашигт малтмалын болон газрын тос, байгалийн хийн нөөц бүхий газарт;
- Шохойн чулуу болон 50 ба түүнээс дээш хувийн карбонатын эрдэс агуулсан үндсэн чулуулагтай газарт;
- Улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт;
- Төмс, хүнсний ногоо, тариалангийн талбайгаас нэг километрээс бага зайд;
- Орон сууц, олон нийтийн бүс болон зэргэлдээх барилга, байгууламжаас 1 /нэг/ километрээс бага зайд.
- Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдлыг хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаанаас үүсэж болох аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор дараах ажиллагаанд хяналт тавих төлөвлөгөөтэй байх:
-
4.2.1.1.технологийн тоног төхөөрөмжийн ажиллагаа;
4.2.1.2.аюул ослоос урьдчилан сэргийлэх, түүнийг мэдрэгч, хариу арга хэмжээ авах зориулалттай хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмж, тоноглол, дохиоллын системийн ажиллагаа;
4.2.1.3.ашиглалтын болон барилгын бүтээц хэсгийн (далан суваг, хураагуур гэх мэт) бүрэн бүтэн байдал.
4.2.2.Энэ журмын 4.2.1-д заасан төлөвлөгөөнд эвдрэл, гэмтэл гарах болон чанар байдал нь алдагдсанаас үүсэж болох эрсдэлийн (далан суваг элэгдэх, шингэн алдагдах) жагсаалтыг тусгаж, хяналт шалгалтыг төлөвлөгөөний дагуу хийх;
4.2.3.Энэ журмын 4.2.1-д заасан төлөвлөгөөний дагуу хяналт шалгалт хийх хугацааг (тухайн үйлдэл бүрийн үед, өдөр бүр, сард гэх мэт) тухайн тоног төхөөрөмжийн элэгдэлд өртөх хугацаа, хэвийн үйл ажиллагаа алдагдах, эвдрэл гэмтэлд өртөх магадлал, хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой эрсдэл үүсэх магадлал, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн зэргээс хамааруулан тогтоох;
4.2.4.хяналт шалгалт хийх үед дэлгэрэнгүй бүртгэл хөтөлж, дүгнэлт гаргах бөгөөд уг бүртгэл, дүгнэлтийн материалыг шалгалт хийсэн өдрөөс хойш 10 жилийн хугацаатай хадгалах;
4.2.5.энэ журмын 4.2.4-д заасан бүртгэл, дүгнэлтэд хяналт шалгалт хийсэн өдрийн огноо, гүйцэтгэсэн хүний овог, нэр, албан тушаал, хийсэн ажиглалтын талаарх тэмдэглэл, илэрсэн зөрчлийг арилгах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээг тэмдэглэх;
4.2.6.хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээг яаралтай авах;
4.2.7.Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдалтай ажилладаг ажлын байр болон тухайн ажлын байранд ажилладаг ажилтнуудын жагсаалт, нэг бүрээр гаргасан ажлын байрны тодорхойлолтыг гаргаж, баталсан байх.
4.3. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь ажилтнуудыг жилд нэг удаа эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулна.
4.4. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд аюул учруулах хэмжээгээр агаар, хөрс, усанд санамсаргүй болон санаатайгаар аюултай хог хаягдал алдах, тэсэрч дэлбэрэх, галын аюул гарах үед үүсэх эрсдэлийг хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулах зорилго бүхий аюул, ослын үед ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байна.
4.5. Аюул, ослын үед ажиллах төлөвлөгөөнд аюул, осол үүсэх үед байгууламжийн ажилтнуудын авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үүргийг тодорхойлж, дараах жагсаалтыг хавсаргасан байна:
4.5.1.онцгой байдлын зохицуулагч болон ослын үед ажиллах шуурхай бүлэгт томилогдсон ажилтнуудын овог нэр, гэрийн хаяг, утасны дугаар;
4.5.2.аюул, ослын үед ашиглах тоног төхөөрөмж, техник хэрэгслийн жагсаалт (гал унтраах, асгаралтыг хянах, холбоо дохиоллын систем, хоргүйжүүлэх, саармагжуулах тоног төхөөрөмж, хэрэгсэл гэх мэт);
4.5.3.энэ журмын 4.5.2-т заасан тоног төхөөрөмж, хэрэгсэл нэг бүрийн гадаад хэлбэр дүрс, тэдгээрийн байршлыг заасан бүдүүвч зураг.
4.6. Аюул, ослын үед ажиллах төлөвлөгөөнд шаардлагатай тохиолдолд байгууламжийн ажилтан болон ойр орчмын байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, оршин суугч иргэд, мал, гэрийн тэжээвэр амьтныг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг хавсаргасан байна.
4.7. Нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөнд нүүлгэн шилжүүлэлт эхлэх үед ажиллах дохиолол, нүүлгэн шилжүүлэх зам, гарц, аюулд өртсөн тохиолдолд ашиглах нэмэлт гарц зэргийг заасан байна.
4.8. Аюул, ослын үед ажиллах төлөвлөгөөг хамтран ажиллах гэрээ байгуулсан орон нутгийн мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллага болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зэрэг бусад гэрээ байгуулсан байгууллагуудад хүргүүлнэ.
4.9. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь онцгой байдлын зохицуулагч болон түүний эзгүйд орлох үүрэг бүхий этгээдийг томилно.
4.10. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдлыг хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь аюул, ослын үед ажиллах төлөвлөгөөг хэрэгжүүлсэн тохиолдол бүрт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаг хугацаа зэргийг тэмдэглэж, аюул, осол тохиолдсон өдрөөс хойш 15 хоногийн дотор дараах мэдээлэл бүхий тайланг орон нутгийн онцгой байдлын болон мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлнэ:
4.10.1.аюултай хог хаягдал устгах, хадгалах, дахин боловсруулах үйл ажиллагаа эрхлэгчийн нэр, хаяг, утасны дугаар;
4.10.2.байгууламжийн нэр, гэрийн хаяг, утасны дугаар;
4.10.3.аюул, ослын төрөл, гарсан огноо, цаг, минут;
4.10.4.аюулд өртсөн материалын нэр, тоо хэмжээ;
4.10.5.аюулд өртсөн цар хүрээ;
4.10.6.хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх бодит болон болзошгүй аюулын үнэлгээ;
4.10.7.аюул, ослын үед үүссэн материалын (бохирдсон ус, бодис шингээсэн материал гэх мэт) тоо хэмжээ, төлөв байдал;
4.10.8.авч хэрэгжүүлсэн арга хэмжээ.
4.11. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдлыг хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь шатамхай, урвалын идэвхтэй, нийцгүй хог хаягдлыг бусад хог хаягдлаас тусад нь хадгалах бөгөөд түүний ойролцоо ил гал гаргах, тамхи татах, гагнуур хийх, металл тасдах болон үрэлтээс үүсэх дулаан, оч (статик, цахилгаан, механик оч), өөрөө урвалд орж халдаг бодис, цацрагийн дулаан, халуун гадаргуу зэрэг эх үүсвэртэй ойр зайд байршуулахыг хориглоно.
4.12. Шатамхай, урвалын идэвхтэй болон нийцгүй хог хаягдалтай харьцах газруудад “Тамхи татахыг хориглоно”, “Ил гал гарахыг хориглоно” гэсэн анхааруулгыг харагдахуйц газар байрлуулсан байна.
4.13. Шатамхай, урвалын идэвхтэй болон нийцгүй уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь ажлын байрны аюулгүй байдлыг хангасан, дараах нөхцөл байдал хяналтгүй үүсэхээс сэргийлсэн байгууламжид үйл ажиллагаа явуулна:
4.13.1.гэнэтийн халалт, гал гарах, тэсрэлт үүсэх, даралт нэмэгдэх, эрчимтэй урвалжих;
4.13.2.хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөл учруулахуйц хэмжээгээр хортой уур, манан, тоос, хий үүсэх;
4.13.3.гал гарах, тэсрэлт үүсгэх үед шатамхай уур, хий үүсэх;
4.13.4.байгууламж болон тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал алдагдах, гэмтэл гарах;
4.13.5.хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөтэй шингэн алдагдах.
4.14. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдлыг хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь үйл ажиллагааны бүртгэлийг Хог хаягдлын тухай хуульд заасан шаардлагын дагуу тогтмол хөтөлж, хадгална.
4.15. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдлыг шатааж устгах үйл ажиллагаа эрхлэгч нь байгууламжийн үйл ажиллагааг зогсоож, хаахдаа шатаалтын зуухнаас бүх хог хаягдал, тэдгээрийн үлдэгдлийг (үнс, скруберийн ус болон лаг гэх мэт) зайлуулсан байна.
4.16. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдал шатаах үйл ажиллагааны горим, технологийн үзүүлэлтийг тогтоох туршилтын шатаалтаар доорх үзүүлэлтүүдийг тодорхойлж, бүртгэл хөтөлнө:
4.16.1.хаягдал дахь аюултай органик үндсэн бүрэлдэхүүн (АОҮБ);
4.16.2.яндангаас гарах утааны хий дэх аюултай органик үндсэн бүрэлдэхүүн, хүчилтөрөгч (O2), хлорт устөрөгч (HCl);
4.16.3.үнс, скруберийн ус болон бусад үлдэгдлийн найрлагын тоон шинжилгээ;
4.16.4.утааны хий дэх тоосны хэмжээ;
4.16.5.шатаалтын хийн хурд, температур (тасралтгүй хэмжилтээр);
4.16.6.яндангаас гарах утааны хий дэх нүүрстөрөгчийн монооксидын (CО) агууламж (тасралтгүй хэмжилтээр);
4.16.7.зориудын бусаар үүсдэг удаан задардаг органик бохирдуулагч.
4.17. Ландфиллын үйл ажиллагаа эрхлэгч нь ландфилл байгуулах болон доторлогооны систем тавих явцад доторлогооны системийн жигд байдал, гэмтэл, эвдрэл үүссэн эсэхэд (нүх, цууралт, толбо, нимгэрэлт, гадны биет гэх мэт) хяналт тавина.
Тав. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдлыг устгах, хадгалах, дахин боловсруулах үйл ажиллагаанаас үүсэх ялгарлыг хянах системд тавигдах шаардлага
5.1. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдлыг хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаанаас үүсэх ялгарлыг хянах систем нь Хог хаягдлын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.
5.2. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдлыг хадгалах, дахин боловсруулах, устгах байгууламжийн ажлын байр, агуулах зэрэг битүү орчны агаарыг сэлгэх агааржуулалтын нэгдсэн системтэй байх бөгөөд уг системээс гарсан агаарыг шатаалтын зууханд өгч байгаа агаартай нийлүүлж шатаах, эсхүл цэвэршүүлж агаарт хаях аргаар зайлуулна.
5.3. Агаарт ялгарах ялгаралд хяналт тавих системтэй байх бөгөөд хэмжилтийг тасралтгүй, эсхүл тогтоосон хугацаанд хийж, үр дүнг бүртгэнэ.
5.4. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдлыг дахин боловсруулах, устгах байгууламж нь нэрэх, ууршуулах, уусгагчаар хандлах процесс, хий болон уур цэвэрлэх систем зэргээс үүссэн хүнд болон хөнгөн, шингэн хаягдлыг цуглуулах, хуримтлуулах тоноглолтой байна.
Зургаа. Бусад
6.1. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдлыг үүсгэгч болон түр хадгалах, тээвэрлэх, цуглуулах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь тухайн жилд гүйцэтгэсэн ажлын тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан маягтын дагуу гаргаж, Уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон бусад холбогдох байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлнэ.
6.2. Энэхүү журмыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд Хог хаягдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
[1] Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоолоор батлагдсан “Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах, болон бүртгэх, тайлагнах журам”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/349 дүгээр тушаалаар батлагдсан “Эх үүсвэрээс гарах хог хаягдлын кодчилсон жагсаалт, тэдгээрийн зэрэглэл”-ийн жагсаалт;