Тэртээх  80 жилийн өмнөөс улбаатай геологичдын нөр их хөдөлмөрийн үр шимээр  газар нутгийг 1:200 000–ны масштабын геологийн зураглалаар 100 хувь, геологийн 1:50 000 –ны масштабын  геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлаар 40 хувь, геофизикийн  1:200 000–ны масштабын хүндийн хүчний  зураглалаар 23 хувь, агаарын 1:200 000–ны масштабын соронзон  зураглалаар 60 хувь,  геофизикийн 1:50 000, 1:25 000–ны масштабын агаарын цогцолбор судалгааг  32 хувьд хүргэж,  Монгол орны  геологийн тогтоц ба ашигт малтмалын байршлын зүй тогтолыг судлан тогтоосны үр дүнд  80 гаруй төрлийн 1900 гаруй орд, 7500 орчим илрэл, геофизик, геохимийн олон мянган  эрдэсжсэн цэгүүдийг  илрүүлэн,  Монгол Улсын эрдэнэсийн сан хөмрөгт  2783.65 тонн алт, 42,1 мянган тонн мөнгө, 60,6 сая тонн зэс, 1530 мянган тонн молибден, 1822,4 сая тн төмрийн хүдэр, 38,5 тэрбум тн нүүрс зэрэг олон  ашигт малтмалын нөөцийг  нэгдсэн  бүртгэлд бүртгээд байна 

 Монгол Улсад Үндэсний алба байгуулагдсаны 80 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний  хүрээнд Монголын геологийн холбоо, Геологи хөгжлийн 9-н клуб ТББ-аас “Монголын Геологийн Алтан хэлхээ” уулзалт өдөрлөгийг 2019 оны 9 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Тэрэлжид зохион байгуулав.

Энэхүү өдөрлөгийн арга хэмжээнд Геологийн салбарт ухаан, эрдэм мэдлэг хүч  хөдөлмөрөө, зориулсан  ахмад геологичид  дунд үеийн болон залуу үеийн геологичдын төлөөлөл оролцон  Геологийн салбарын түүхэн хөгжлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэн уриалга гаргав. 

Энэхүү арга хэмжээний нээлтэнд Геологийн салбарын алдарт гавьяатнуудын төлөөлөн

Геологи Уул Уурхайн Үйлдвэрийн яамны  сайд асан МУ-ын хөдөлмөрийн баатар, доктор,геологич Ч.Хурц, МУ-ын Ардын багш, Төрийн соёрхолт, доктор профессор Ж.Лхамсүрэн, Геологи шинжилгээний газрын дарга Олон улсын геологийн экспедицийн дарга асан доктор профессор Ж.Бямба, МУ-ын хөдөлмөрийн баатар өрөмийн мастер Ж.Бямбаа нар үг хэлэв. Мөн АМГТГ-ын орлогч дарга М. Энхжаргал  арга хэмжээнд оролцож Монгол Улсад Үндэсний Геологийн алба үүсч байгуулагдсаны 80 жилийн ойн  хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулж, гурван үеийн геологичиддоо хандан баяр хүргэв.