Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбооны санаачилгаар зохион байгуулдаг “Монголын геологи, хайгуул 2019” чуулга уулзалт 11 дэх удаагаа боллоо.

Уг чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо хамтран 2019 оны гуравдугаар сарын 28-29-ны өдрүүдэд  “Формаса төв”-д зохион байгуулж байна.. Чуулга уулзалтанд 1000 гаруй зочид төлөөллөгчид, 100 гаруй гадаад дотоодын хөрөнгө оруулагчид оролцлоо. Энэ удаагийн чуулга уулзалтын онцлог нь орон нутгийн байгууллагуудын төлөөлөл, элчин сайдын яамд ихээхэн ач холбогдол өгч  оролцсон  явдал юм.  Мөн  Төрийн соёрхол хүртсэн геологичидод хүндэтгэл үзүүллээ.     

“Монголын геологи, хайгуул 2019” сэдэвт 11 дэх удаагийн чуулга уулзалтын хүрээнд Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй төрийн бодлого, хууль эрхзүйн орчин, хөрөнгө оруулалт, региональ судалгаа, ашигт малтмалын ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв зэрэг илтгэлүүд болон хэлэлцүүлэг өрнөлөө. Түүнчлэн уулзалтын хүрээнд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төслөө танилцуулж, хөрөнгө оруулалт татах зорилгоор хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтыг зохион байгууллаа.

Геологи, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнгээс гадна  “Монгол орны байгаль-Хайгуулчдын дуранд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг нийтэд толилуулж, “Ховор агшин”, “Байгалийн тогтоц”, “Ур чадвар” төрлүүдээр шилдгүүдийг нь шалгаруулсан юм. Мөн чуулга уулзалтын хүрээнд “Хэрэглээний структур геологийг ашигт малтмалын ордын хайгуулд ашиглах нь”, “Гео өгөгдлийн боловсруулалт, ордын загварчлал, нөөцийн тооцоо”  сэдвүүдээр  МУИС, ШУТИС дээр  мэргэшсэн зөвлөх инженерүүд  сургалт явууллаа.

Чуулга уулзалтын хаалтын өдөр “Эх дэлхийгээ хайрлая” уриан дор  Баянзүрх Уул-2019 явган зохион байгуулах  бөгөөд  Улаанбаатар хот орчим, Баянзүрх  уулын геологийн тогтоцын талаар судалгааны үр дүнгээс болон танин мэдэхүйн бусад сэдвүүдээр сонирхолтой яриа өрнүүлсэн сонирхолтой аялалыг зохион байгууллаа.