“Монголын геологи хайгуул 2019” чуулга уулзалт болно

БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1939 оны 38 дугаар хуралдаанаас “Улсын бүх чулуун нүүрсний үйлдвэр ба алтны уурхайг эрхлэн удирдах хийгээд, түүнчлэн үйлдвэрийн төрөл бүрийн  ашигт малтмалын түүхий эд болон түлш ба бусад ашигт малтмалуудыг тэмтрэн эрж олох ба ашиглах ажлыг эрхлэн явуулж, уурхай ба ашигт малтмалын трестийг үйлдвэр ба барилгын яамны харьяанд бие даасан аж ахуйн тооцоотойгоор зохион байгуулсугай“ гэжээ. Ингэж Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдах суурь тавигдаж байсан юм.

Монголын геологийн салбарын өнгөрсөн 80 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн түүхэн үйл явдал, ач холбогдлыг олон нийтэд танин мэдүүлж, сурталчлахаар УУХҮ-ийн сайдын тушаалаар Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгээс салбарын хэмжээнд дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний хурал, чуулга уулзалт болон ажил мэргэжлийн уралдаан зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухай тус яамны удирдлагууд, зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.

2019 онд зохион байгуулагдах томоохон арга хэмжээнээс дурдвал:

  • “Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалт 2019.03.28-2019.03.29-ны өдрүүдэд Улаанбаатар хотод,
  • “Монгол-Оросын геологийн хамтын ажиллагаа өнөөдөр ба ирээдүй” олон улсын хурал 2019.09 сард Эрдэнэт хотод
  • “Аккрецаас коллиз хүртэлх орогены тогтоц ба царцдасын хөгжил” олон улсын хурал 2019.07.03-2019.07.10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод,
  • “Хойд, төв, зүүн Азийн гүний геологийн процесс ба металлогени” олон улсын хурал 2019.08.01-2019.08.10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод,
  • “Зүүн евразийн бүс нутгийн уур амьсгал, хүрээлэн буй орчны урт хугацааны өөрчлөлт, өнөөгийн газрын гадаргын үйл явц” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 16-р бага хурал 2019.09.16-2019.09.21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод,
  • Геологийн салбарын ажил мэргэжлийн уралдаан 2019.09 сард Өвөрхангай аймагт зохион байгуулагдана.
  • “Орд илрэхийн учир буюу геологичийн хөдөлмөрийн үнэ цэнэ” сэдэвт цуврал 8  нэвтрүүлэг,
  • Түүхэн кино,
  • “Чулуун үзмэр”-ийг  Үндэсний цэцэрлэгт  хүрээлэнд байгуулах,
  • ОХУ-ын Новосибирск хотод зохион байгуулагдах “Өсвөрийн геологичдын хээрийн олимпиад”-д ерөнхий боловсролын сурагчдыг оролцуулах.

Ойн арга хэмжээ энэ сарын  28, 29-ний өдрүүдэд “Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалтаар эхэлж байна. Энэхүү арга хэмжээг МПМ цогцолборын Формоса төвд зохион байгуулах юм. Чуулга уулзалтад холбогдох төрийн байгууллагууд, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын төлөөлөл, Засаг дарга нар, геологи, хайгуулын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, эрдэмтэн мэргэд, геологчид нэгэн дор цугалж, тус салбарын эрхзүйн орчноос эхлээд тулгамдаж буй асуудал, шийдэл гарцыг хэлэлцэхийн зэрэгцээ ололт амжилтын талаар олон нийтэд сурталчилан таниулах өргөн хүрээг хамруулан чуулна.