Тост тосон бумбын тусгай хамгаалалттай газар ашиглалтын болон хайгуулын үйл ажиллагаа явуулж буйг нутгийнхан нь эсэргүүцэж байгаа. Тэдний эсэргүүцлийн үр дүнд Засгийн газар энэ сарын 15-ны өдөр Тост Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох шийдвэр гаргасан. Өмнө нь УИХ-аар тус газрын 896.527.44 га талбайг тусгай хамгаалалтад авах хууль баталсан ч үүнд өөрчлөлт оруулан 734 мянган га болгосон нь ийнхүү шүүмжлэлд өртөх болов. Газрын зөрүү болох 162 мянган га талбай хэнийх болов хэмээн хардаж эхэлсэн юм.

Тост тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг хэрхэн тогтоосон, хэчнээн зөвшөөрлийг түдгэлзүүлээд байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамираас тодруулсан.

Тэрбээр хэлэхдээ “Тос болон тосон бумбын нурууг улсын нөөцөд авсан. Хил зааг нь өнгөрсөн долоо хоногт батлагдсан. Үүнээс өмнө тусгай улсын нөөцийн газар аваагүй байсан. Энэ үед хоёр ашиглалтын, 7 хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа юм. Засгийн газрын тогтоол манай газар албан ёсоор ирээгүй байна. Гэхдээ 734 мянган га газрыг улсын нөөцийн газар аваад хил заагийг нь тогтоосон байгаа. Үүнд хайгуулын 7 тусгай зөвшөөрөл орсон. Нөхөн төлбөрийн хэмжээг тооцож үзэхэд нийт 660 сая төгрөг олгогдохоор байна. Хил заагийг тогтоосны дараа түдгэлзсэн тусгай зөвшөөрлийн нөхөн төлбөрийг олгох асуудал яригдана” хэмээлээ.  

М.Төр