ШУТИС-ийн багш, профессор Ц.Нанзад, дэд профессор К.Хавалболат нарын бүтээл тэргүүн байр эзлэв
Эрдэм шинжилгээний бага хурал Улаанбаатар зочид буудлын “Хархорин танхим”-д болж уралдаанд ирсэн нийт 22 илтгэлээс шалгарсан 10 илтгэлийг бага хурлаар хэлэлцүүлж нууцаар санал хураахад ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн багш, профессор, шинжлэх ухааны доктор Ц.Нанзад, дэд профессор, доктор /Ph.d/ К.Хавалболат нарын “Уулын машины металл хийцийг металлын соронзон санамжийн аргаар оношлосон судалгааны цогц ажлын дүн” илтгэл нэгдүгээр байр эзэлж өргөмжлөл, 5 сая төгрөг, Уул уурхайн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор, шинжлэх ухааны доктор Б.Пүрэвтогтох нарын “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрдэс-түүхий эдийн баазыг өргөтгөх судалгаа, үр дүн” илтгэл хоёрдугаар байр эзэлж өргөмжлөл 3 сая төгрөг, АМГ-ын Шатах ашигт малтмалын судалгааны тасгийн дарга Ж.Батбилэгийн “Уул уурхайн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл-гуравдагч зах зээлд гарах гарц” илтгэл гуравдугаар байр эзэлж өргөмжлөл, 1 сая төгрөгөөр шагнуулав.
ШУА-ийн Хими, хими-технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ж.Тэмүүжингийн “Монгол улсын уул уурхай, ашигт малтмалын салбарын хөгжлийн стратегийн судалгаа”, АМГ-ын Уул уурхай, туршилтын лабораторийн ахлах шинжээч, доктор /Ph.d/ Ж.Нарангэрэлийн “Төгрөг нуурын ордын хүрэн нүүрсийг шингэрүүлэн бензин, дизелийн түлш гарган авах үйлдвэрийн техник-эдийн засгийн урьдчилсан үнэлгээ”, Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Д.Галсандоржийн “Монгол улсад уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах шаардлага, боломж”, судлаач, доктор /Ph.d/ Б.Баярсайханы “Эх орны нүүрсний ордуудыг түшиглэн диметилийн эфирийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь”, “Эрдэнэт үйлдвэр” компанийн зөвлөх инженер Б.Хээрийнбаатарын “Цахилгаан экскаваторын тэжээлийн шугамын техникийн байдлыг оношлох арга зүйг боловсронгуй болгох судалгаа”, Ашигт малтмалын судалгаа, сурталчилгаа, мэдээллийн төвийн тэргүүн Б.Мягмаржав, “Поли кристалл” компанийн гүйцэтгэх захирал И.Жавзан нарын “Цагаан тугалга-гянтболдын хам баяжмал боловсруулах асуудал”, ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуульийн багш докторант Б.Батболд, Ж.Оюунаа, А.Сарнай нарын “Уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотойгоор үүсэх хүчиллэг ус, түүний хор хөнөөл, сэргийлэх арга замууд” илтгэл дараах байруудыг эзэлж өргөмжлөл, 200 мянган төгрөгөөр шагнуулав.
Эрдэм шинжилгээний бага хуралд шалгарсан 10 илтгэлийг нэгтгэн “Уул уурхайн салбар-хөгжлийн тулгуур II” ном гаргажээ.
Эрдэм шинжилгээний бага хурлын нээлт, хаалтын ажиллагаанд АМГ-ын дарга Г.Алтансүх, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Б.Дамба, “Алтай Хүдэр” компанийн зөвлөх С.Баттулга нар оролцов.