Франц улсын Геологийн албаны төлөөлөгчдийг АМГ-т хүлээн авч уулзав
АМГ-ын даргын урилгаар манай оронд хүрэлцэн ирсэн Франц улсын Геологийн албаны Худалдаа, гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Филипп Гомберт тэргүүтэй төлөөлөгчдийг тус агентлагын дэд дарга Д.Үүрийнтуяа, Геологийн албаны дарга Д.Болд нар хүлээн авч уулзаж хоёр орны геологийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж санал бодлоо солилцлоо.
Уулзалтын явцад Франц улсын Геологийн алба нь 1997 оноос Геологийн мэдээллийн төвтэй хамтран ажиллаж сансраас авсан зураг ашиглан геологийн зургийн дүрс боловсруулах төв байгуулан манай талд хүлээлгэн өгсөн, түүний үр дүнд франц, монголын мэргэжилтнүүд хамтран ажиллаж сансрын тоон зургийг ашиглан манай улсын нутаг дэвсгэрийн зарим хэсгийн геологийн зураг зохиосон нь томоохон талбайд бага зардлаар геологийн судалгааны ажлыг тэргүүний дэвшилтэт технологи ашиглан хийсэн явдал болсон юм гэж онцлон тэмдэглэсэн байна. Иймд хоёр тал цаашид хамтын ажиллагаагаа сэргээн шинэ шатанд гаргахаар санал нэгдлээ.
АМГ болон Франц улсын Геологийн алба хамтран “Геологийн мэдээллийн санг дэвшилтэт технологи ашиглан олон улсын түвшинд хүргэх”, “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын тогтоох хамтарсан судалгаа хийх”, “Монгол орны гүний халуун усыг судлах” зэрэг хэд хэдэн төслийг хэрэгжүүлэх боломжтой байгааг хоёр тал дурдаад манай талаас Монгол улсын геологийн салбарын боловсон хүчнийг сургах, мэргэшүүлэх талаар хамтран ажиллах санал дэвшүүлснийг францын тал нааштайгаар хүлээн авлаа.
Эх орондоо урьж геологийн салбар дахь хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх талаар АМГ-ын зүгээс тодорхой санаачилга, санал гаргасныг францийн төлөөлөгчид бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж монголын талтай хамтын ажиллагаа явуулахад ажил хэрэгч хандана гэж хэллээ.
Геологийн мэргэжилтэн сургах чиглэлээр хамтрах хүсэлт гаргав
Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр Францын Геологийн албаны (BRGM) Филип Гомер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. 1997 онд Францын геологийн алба Монголын геологийн мэдээллийн төвтэй хамтарч сансрын зургийн дүрс боловсруулах иж бүрэн төв, Монголын зүүн өмнөд хэсгийн 280 000 км2 талбай бүрхсэн сансрын дижитал зургийг Монголын талд хүлээлгэн өгч, манай мэргэжилтнүүдийг сургаж байсныг Уул уурхайн сайд Д.Ганхуяг уулзалтын эхэнд онцолсон байна. Түүнчлэн геологийн мэдээллийн сан бүрдүүлэх мэргэжилтэн сургах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн энэ үеэр Францын төлөөлөгчдийн тэргүүн Филип Гомер 2005 онд Ашигт малтмалын газартай байгуулсан санамж бичгийг ажил хэрэг болгох, тогтоосон харилцаагаа сэргээх хүсэлтэй байгаагаа онцлон тэмдэглэжээ.