Уул уурхайн яам, АМГ, Монголын геологийн холбоо, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо, Монголын өрөмдлөгийн холбоо, Монголын геофизикчдийн холбоо, Геологч эмэгтэйчүүдийн клуб, МУИС, ШУТИС хамтран зохион байгуулж байгаа “Монголын геологи хайгуул 2013” чуулга уулзалт ОШУСТ-д болж байна.

Чуулга уулзалтын нээлтэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг оролцож мэндчилгээ дэвшүүллээ. Чуулга уулзалтыг Зохион байгуулах зөвлөлийн  дарга Ч.Энх-Амгалан “Монголын геологи хайгуул” чуулга уулзалтын таван жилийн ойн танилцуулгыг хийж  Уул уурхайн яамны Геологийн бодлогын хэлтсийн дарга, доктор Б.Баатарцогт “Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого” илтгэл тавьлаа.

АМГ-ын Геологийн албаны дарга Д.Болд “Монголын геологийн албаны өнөөгийн байдал, цаашдын зорилт”, тасгийн дарга Д.Оюунцэцэг “Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн судалгааны ажлын өнөөгийн байдал, шийдвэрлэх зарим асуудлууд” илтгэл болон тэрчлэн ахлах мэргэжилтэн М.Энхжаргал “Монгол орны урьд кембри-кембрийн үе шатны метаморф чулуулгын тархалт ба ангилын тухай” хамтарсан илтгэлийг тавьж хэлэлцүүлсэн байна.

Чуулга уулзалтаар төрийн байгууллагуудын эрдэс баялгийн салбарт дахь аж ахуйн нэгжүүдийн татварын орлого, ашигт малтмалын бүтээгдэхүүн, дагалдах эрдсийн судалгаа, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй геологийн судалгааны өнөөгийн байдал, шийдвэрлэх арга зам, геологи хайгуулын мэргэжлийн түвшинд хийгддэг судалгаа, шинжилгээтэй холбоотой илтгэлүүдийг хэлэлцэж байна.